Н.Наранбаатар: Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 11 настай эрэгтэй хүүхдэд ч тарина
Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай сурагчдыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцинд хамруулж буй.
Харин вакцины тухай Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатар "Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг АНУ-д үйлдвэрлэсэн Gardasil вакциныг товлолт байдлаар хэрэглэж байна.
2006 онд анх үйлдвэрлэгдсэн уг вакциныг дэлхийн 194 орны 500 гаруй сая хүүхэд хэрэглээд байна. Энэ үед эмгэг, гаж урвал, хүндрэлийн тохиолдол бүртгэгдээгүй, тийм судалгааны ажил ч алга.
2007 оноос АНУ, Швед, Австрали зэрэг улс товлолт байдлаар хэрэглэж умайн хүзүүний хорт хавдар өвчнийг устгаж чадсан. Өөрөөр хэлбэл энэ хавдар хожуу оношлогдож нас барахаа больсон гэсэн үг. Үүнийг ДЭМБ-ын дарга, доктор Тедрос Адханом Гебрейесус зарласан байгаа.
Gardasil вакцин нь умайн хүзүүний хорт хавдар бус ам, залгиур, үтрээ, шодойн хавдар болон бусад өвчнүүдийн эсрэг дархлаа тогтоодог.
2025 онд зөвхөн нийслэлд 314 ээж умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон. Үүнээс 62% нь хожуу оношлогдож, 66 ээж нас барсан. Вакциныг зорилтот бүлэгт 100% тарьж чадвал энэ өвчнийг устгаж чадах юм. Харамсалтай нь нийт зорилтот бүлгийн 50%-ийг ч хамруулж чадахгүй байна.
Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг энэ онд есөн дүүргийн 257 сургуулийн 1,184 бүлэгт суурилан 40,377 тарихаар ажиллаж байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө вакцинд нь заавал хамруулаарай. Та бүхэнд үүрэг бий шүү" хэмээн мэдээллээ.
Улсын хэмжээнд 2024 онд 8,162, 2025 онд 8,016 хүн умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
