ФОТО: Урлагаар дамжуулж өөрийгөө таних хүүхдүүд...
Тусгай хэрэгцээт иргэд тэр дундаа сургуулийн насныхныг нийгмийн хүрээлэлд хамруулах нь манай улсад нэн шаардлагатай шийдэх ёстой асуудал мөн. Үүнийг Нийслэлийн Ерөнхий боловсролын 55 дугаар сургууль соргогоор мэдэрч, Монголд анх удаа тусгай хэрэгцээт сурагчдын дунд урлагийн наадам зохион байгуулах санаачилгыг гаргасан юм.
Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тус сургууль 1976 оны аравдугаар сарын 17-ны өдөр байгуулагджээ.
Энэ жил 50 нас хүрч буй тус сургууль түүхт ойгоо угтаж олон ажил төлөвлөсний нэг нь тусгай хэрэгцээт сурагчдын авьяас чадварыг илрүүлэх, өөртөө итгэх итгэлийг бий болгох, урлагаар дамжуулан хөгжүүлэх зорилгоор нийслэлийн тусгай сургуулиудын сурагчдын дунд урлагийн наадмыг өнөөдөр Баянзүрх дүүргийн "Жанжин" клуб соёлын ордонд анх удаа зохион байгуулж байна.
Тус наадамд нийслэлийн 25, 29, 63, 70, 116 болон 55 дугаар сургуулийн сурагчид урлагийн таван төрлөөр өрсөлдөж буй.
Нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Ж.Баясгалан, 55 дугаар сургуулийн захирал, Монгол Улсын Гавьяат багш Ч.Ганбилэг нар оролцлоо.
Сургуулиудад дээрэлхэлт дэлгэрэх ёсгүйг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан онцолсон. Тиймээс энэ чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч, тууштай ажиллахаа амласан юм.
Урлагийн наадам нь тусгай хэрэгцээт сурагчдын авьяас чадварыг дэмжихээс гадна хүүхдүүд хамтдаа хөгжих, харилцан суралцах, нийгмийн харилцаанд орох оролцоог сайжруулах, хүүхдийн бие даасан чадварыг нэмэхэд чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид дурдав.
"Цаашид урлагийн наадмыг жил бүр зохион байгуулах талаар анхаарна"
Урлагийн наадмын талаар Ч.Ганбилэг "Ирэх аравдугаар сард бид 50 жилийн түүхт ойгоо тэмдэглэнэ. Ойгоо угтаж бид сүүлийн гурван жил дараалан нийслэлийн шилдэг менежменттэй, ментор сургуулиар тодорсон. Өнгөрсөн жил Баянзүрх дүүргийнхээ шилдэг сургуулиар шалгарсан.
Мөн спорт, урлагаар сүүлийн хоёр жил дараалан дүүргийнхээ аварга болсон юм.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн дунд уралдаан, тэмцээн хязгаарлагдмал байдаг тул урлагийн наадам зохион байгуулж байна. Энэ хүүхдүүд тайзан дээр гараад урлагийн үзүүлбэр үзүүлнэ гэдэг маш их тэвчээр, эв дүй, багшийн бэлтгэл гээд олон юм хамаарна. Энэ бүгдийг давж, үзүүлбэрээ үзүүлснээр өөрийгөө шинээр нээх, бусадтай харилцаанд ороход ч шинэ алхам болно гэж үзэж буй. Урлагаар дамжуулан хүүхдийн хөгжилд эергээр нөлөөлөх нь бидний үйл ажиллагааны гол зорилго юм.
Хамгийн гол нь хүүхдүүдийн оролцоо их чухал. Хүүхдүүд маань сэтгэл нь догдлоод цагаасаа өмнө ирж, маш сайн бэлтгэлээ базаасан байна. Бид цаашид урлагийн наадмыг жил бүр зохион байгуулахад анхаарна" гэв.
Урлагийн наадмыг мэргэжлийн шүүгчид шүүжээ. Тодруулбал жүжигчин Э.Пүрэвжаргал, Увертюра хамтлагийн дуучин Ж.Ганбаатар, тусгай олимпын н.Агиун нар ажилласан юм.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
