"Хятад улс өндөр чанартай хөгжлийг баримталж квантын технологи, сансрын аялал, биежсэн хиймэл оюун зэрэг ирээдүйн салбараа түлхүү хөгжүүлнэ"

М.Батчимэг, ikon.mn
5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын тавцанд Хятад улсын бодлого болон хөгжлийн чиг хандлагыг судлан таних талаар тус улсыг ажиглах, ойлгох, Хятадын боломжийг ашиглах цонхыг нээж өгдөг ач холбогдолтой, Хятадын төрийн чухал үйл ажиллагаа болох Хоёр чуулган амжилттай болж өнгөрчээ. Тус чуулганаас онцлох асуудлуудыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань өнөөдөр танилцууллаа. 

Энэ жилийн чуулган Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ой болон XV дахь таван жилийн төлөвлөгөө эхэлж буй гэдгээрээ онцлог болжээ. Иймд чуулганы чухал үүрэг нь ирэх таван жилийн Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тодорхой зураг төслийг гаргах байсан байна. 

Хятадын ирэх таван жилийн төлөвлөгөөг ярихаас өмнө БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань тус улсын XIV дэх буюу өнгөрсөн таван жилийн төлөвлөгөө хэрхэн хэрэгжсэн талаар дараах мэдээллийг өгөв. 


Хятад улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн таван жилийн хугацаанд дунд түвшний хөгжилтэй улсын нэг жилийн эдийн засгийн нийт хэмжээтэй дүйцэхүйц буюу 35 их наяд юаниас /ойролцоогоор 5 их наяд ам.доллар/ давжээ. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улсаас оруулж буй 30 орчим хувийн хувь нэмэр хэвээр хадгалагдсан байна. Өнгөрсөн жил XIV дэх таван жилийн төлөвлөгөөний төгсгөлийн жил байсан бөгөөд Хятадын эдийн засаг 5 хувийн өсөлт үзүүлж, эдийн засгийн нийт дүн 140 их наяд юань буюу ойролцоогоор 20 их наяд ам.доллар давжээ.  

Эдийн засгийн дундаж өсөлт 5.4 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж өсөлтөөс мэдэгдэхүйц өндөр үзүүлэлт аж.  

Өнгөрсөн таван жилийн бодитой, жин дарсан амжилттай үзүүлэлтүүд нь XѴ дахь ирэх таван жилийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд бат бөх суурь болжээ. 

  • Аж үйлдвэрийн салбарын нэмүү өртгийн хэмжээ 16 жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигдэж, хиймэл оюун ухаан, сансар болон агаарын аяллын технологи, квант технологи зэрэг салбарт шинжлэх ухаан, судалгааны олон тооны томоохон ололт амжилтууд хурдацтай гарчээ. 
  • "Цэнгэг ус, ногоон уулс бол үнэлж баршгүй баялаг” гэх үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, дэлхийд хамгийн том, хамгийн хурдацтай хөгжиж буй сэргээгдэх эрчим хүчний системийг байгуулсан. 
  • Дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай, хамгийн их ногоонжуулалт нэмсэн улс болсон
  • Өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг 9.4 хувиар өсөж,
  • Аж үйлдвэрийн салбарын робот үйлдвэрлэл 28 хувиар нэмэгджээ.
  • Шинэ эрчим хүчний автомашины жилийн үйлдвэрлэл 16 сая ширхгээс давсан байна. 

Хятад улс 2035 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ээ 20 мянган ам.доллароос давуулах зорилт тавьжээ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хятад улсын хөгжлийн шинэ "зураг төсөл” буюу ХѴ дахь таван жилийн төлөвлөгөөний гол чухал агуулга 

Үргэлжлүүлэн Элчин сайд Шэнь Миньжуаны Хятад улсын хөгжлийн шинэ "зураг төсөл” буюу ХѴ дахь таван жилийн төлөвлөгөөний гол чухал агуулгыг танилцуулсныг товчлон хүргэе. 


Хятад улс ирэх XV дахь таван жилийн төлөвлөгөөндөө 20 үндсэн үзүүлэлт дэвшүүлсэн бөгөөд 2035 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2020 оныхтой харьцуулахад хоёр дахин өсгөж, дунд түвшний хөгжсөн орнуудын хэмжээнд хүргэх суурийг тавих зорилт тавьжээ. 

Тодруулбал 2020 онд Хятад улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллар давсан бөгөөд 2035 он гэхэд энэ үзүүлэлт 20 мянган ам.доллароос дээш байх ёстой гэж төлөвлөж байгаа аж. Уг зорилтдоо хүрэхийн тулд ирэх 5-10 жилд Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалах шаардлагатай ба одоогоор тэд жил бүрийн эдийн засгийн өсөлтөө урьдчилан тогтоогоогүй ч энэ оны зорилт нь 4.5-5 хувь гэв. 

Түүнчлэн Хятад улс хэдийнээ асар том хэмжээний эдийн засагтай орон болсон буюу эдийн засгийн хөгжил нь өндөр хурдтай өсөлтийн үе шатнаас өндөр чанартай хөгжлийн шатанд шилжээд байна гэдгийг онцлов. 

XV дахь таван жилийн төлөвлөгөөнд нийт зургаан чиглэлийн 109 томоохон чухал бүтээн байгуулалтын төслүүдийг багтаажээ. Үүний дотор хамгийн чухал гол түлхүүр үг бол “өндөр чанартай хөгжил” гэв. 

"Өндөр түвшний шинжлэх ухаан, технологийн бие даасан хүчийг бэхжүүлж инновац болон технологийн судалгаанд анхаарал хандуулна"

Тэд инновацад суурилсан дэвшилтэт үйлдвэрлэлийг гол тулгуураа болгосон орчин үеийн үйлдвэрлэлийн системийг бүтээх бөгөөд шинэ тутам хөгжиж буй салбар болон ирээдүйн салбаруудыг бэлтгэн хөгжүүлэхээр зорьжээ. 
Тухайлбал: 

Хөгжиж буй зургаан тулгуур салбар 

  • Интеграл хэлхээ,
  • Сансар болон агаарын аялал,
  • био-анагаах ухаан,
  • Нам өндрийн эдийн засаг,
  • Шинэ төрлийн эрчим хүч хуримтлуулах технологи,
  • Ухаалаг робот

Ирээдүйн  салбар 

  • Квантын технологи,
  • Био-үйлдвэрлэл,
  • Ногоон устөрөгчийн эрчим хүч,
  • Халуун цөмийн реактор,
  • Тархи-компьютерийн интерфейс,
  • Биежсэн хиймэл оюун ухаан,
  • 6G 

Хятад улс өндөр түвшний шинжлэх ухаан, технологийн бие даасан хүчийг бэхжүүлж, анхдагч инновац болон гол цөм технологийн судалгаанд анхаарал хандуулж, “Дижитал Хятад” бодлогыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнд дижитал эдийн засгийн гол салбарын нэмүү өртгийн хэмжээний эзлэх хувийг 12.5 хувь хүртэл нэмэгдүүлэх аж. 

Мөн хиймэл оюун ухааныг ус, цахилгааны хэрэглээ шиг бүхий л салбарт нэвтрүүлж, хүний өдөр тутмын амьдралтай нэгтгэн уялдуулах ухаалаг эдийн засгийн шинэ хэлбэрийг бий болгохоор зорьжээ. 

Нүүрстөрөгчийн ялгарлыг 17 хувиар бууруулж, ой модны эзлэх хувийг 25.8 хувьд хүргэж, үзэсгэлэнт Хятад улсыг цогцлоон байгуулахаар зорьжээ 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн ногоон шилжилтийг хэрэгжүүлж, “хос нүүрстөрөгч” зорилтод чиглэх үүднээс эрчим хүч, үйлдвэрлэл, аж амьдралын гурван салбарт ногоон хөгжлийг түргэтгэх аж. Улмаар 2030 он гэхэд чулуужсан бус эрчим хүчийг нийт эрчим хүчний хэрэглээний 25 хувьд хүргэж, нэгж ДНБ-д ногдох нүүрстөрөгчийн ялгарлыг 17 хувиар бууруулж, ой модны эзлэх хувийг 25.8 хувьд хүргэж, үзэсгэлэнт Хятад улсыг цогцлоон байгуулна гэх зорилтыг тавьжээ.