Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Хятад хоёр орны эдийн засаг, худалдааны ирээдүйд хүчтэй тулгуур болох бүтээн байгуулалтуудыг онцлов

М.Батчимэг, ikon.mn
8 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын тавцанд Хятад улсыг ажиглах, ойлгох, тус улсын боломжийг ашиглах цонхыг нээж өгдөг ач холбогдолтой, Хятадын төрийн чухал үйл ажиллагаа болох Хоёр чуулганаас онцлох асуудлуудыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань өнөөдөр танилцууллаа. 

Бид өмнө нь Хятад улсын хөгжлийн шинэ "зураг төсөл” буюу ХѴ дахь таван жилийн төлөвлөгөөний гол чухал агуулгыг хүргэсэн билээ. Үргэлжлүүлэн XV дахь таван жилийн төлөвлөгөөнөөс Монгол Улстай холбоотой хэсгүүдийг товчлон хүргэж байна. 


Монгол Улсын Засгийн газар таван жилийн шинэ төлөвлөгөө гаргасан бөгөөд талууд хөгжлийн хоёр стратегийн уялдааг бэхжүүлэн, “Бүс ба Зам” хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтдаа хожих үзэл санааг улам томоор биелүүлэх боломжтойг илэрхийлэв. 

Хятадын тал Монголын талтай дэд бүтцийн холболтыг бэхжүүлэхэд бэлэн байгаа ба  хоёр орны уялдаа холбоо болон эдийн засаг, худалдааны ирээдүйд хүчтэй тулгуур болох дараах бүтээн байгуулалт болон хэрэгжүүлсэн ажлуудыг онцоллоо.

  • Ганцмод - Гашуунсухайтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж, хоёр улс 70 жилийн дараа хоёр дахь хил дамнасан төмөр замтай болох гэж байна.
  • Хятадын талын тусламжаар Монголын Замын-Үүдийн хилийн боомт, Гашуунсухайтын хилийн боомтын байгууламжууд баригдаж ашиглалтад орсон. 
  • Мөн Хятад, Монгол, Оросыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн сайжруулах төсөл тогтвортой ахицтай байна.
  • Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт эрчимтэй хэрэгжиж байна
  • Сэхээ-Шивээхүрэн хилийн боомтод хилийн шалган нэвтрүүлэх албаны хамтарсан хяналт шалгалт, харилцан уялдаатай хилийн шалган нэвтрүүлэх ажлын механизмыг бүрдүүлээд байна
  • Ганцмод - Гашуунсухайтын хилийн авто замын боомтод Монголын жолооч тус бүр ердөө 10 секундийн дотор ухаалаг системээр дамжуулан хилээр нэвтрэх бүртгэлээ хийх боломжтой болсон.
  • Хятад, Монголын олон салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсний үр дүнд Хятад улсын 56 стандарт Монголын талд хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгжиж эхэлсэн. Үүнд ашигт малтмал, барилга, авто инженерчлэл, төмөр зам зэрэг олон салбар багтаж байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ: Мөн энэ жил Хятадын тал Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг зохион байгуулж, Монголын тал мөн Хятадын иргэдэд визгүй зорчих боломжийг олгож, Монголд ирж аялахад илүү хялбар болох нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байна гэв.

ЗАЛУУЧУУД: Түүнчлэн Монголын олон оюутан залуусыг Хятад улсад очиж суралцахыг урьж Хятадын тал цаашид ч тэтгэлэг олгох дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгээ илэрхийллээ. 

ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН: Хятадын тал “Дижитал Хятад”-ыг бүтээх ажлыг эрчимжүүлэх зорилт дэвшүүлсэн ба Монголын тал мөн Digital first буюу Цахимаар түрүүнд бодлогыг хэрэгжүүлж байна. Монголын Голомт банк болон Тээвэр хөгжлийн банк нь юанийн хил дамнасан төлбөр тооцооны систем (CIPS)-ийн Шууд оролцогч болсон. Мөн Taobao, TEMU зэрэг цахим худалдааны платформууд Монголд нэвтэрч, Монголын Social Pay систем WeChat Pay-ийн төлбөрийн QR кодыг хүлээн авах боломжтой болсонд баяртай байна гэв. 

COP17: Монгол Улс энэ жил НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Талуудын 17-р бага хурал (COP17)-ыг зохион байгуулахыг Хятадын тал дэмжиж байгаа бөгөөд Монголын “Тэрбум мод” санаачилгыг дэмжин ажиллаж байгаа аж. Хятад улс 2028 он гэхэд ногоон уул уурхай байгуулах зорилт дэвшүүлж, дэлхийн уул уурхайн ногоон шинэчлэлд санал болгож буй Хятадын арга шийдлийг өнгөрсөн жил зохион байгуулагдсан Монголын “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний үеэр нэгдсэн байдлаар танилцуулсан бөгөөд Монголын талтай технологи болон туршлагаа хуваалцахад бэлэн байгаа аж.

"Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор, Монголын Үндэсний урлагийн их театрыг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх болно"

Үргэлжлүүлэн Элчин сайд Шэнь Миньжуан  БНХАУ-ын Монгол Улсад хийсэн болон ирээдүйд хийх дараах төслүүдийг онцлов. 

  • Хятад улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-тэй хамтран Монголын гэр хорооллын 500 гаруй өрх айлыг нарны эрчим хүчний халаалтын төхөөрөмжөөр хангах төсөлд туслалцаа үзүүлж байна. Цаашид Монголын талтай нар, салхины эрчим хүч болон эрчим хүч хуримтлуулах төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн. 
  • Өнгөрсөн жил Хятадын хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгтэйгээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажил эхэлсэн нь Монголын баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хомсдолыг шийдвэрлэх боломжтой болж байна.
  • Хятад улсын тусламжаар хэрэгжүүлсэн Монголын гэр хорооллын хамгийн том дахин төлөвлөлтийн орон сууцны төсөл дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгсөн ба Улаанбаатар хотын мянга гаруй өрхийн амьдрах нөхцөлийг эрс сайжруулсан юм.
  • Хятадын хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгтэй Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж энэ онд ашиглалтад орсноор хотын экологийн орчныг сайжруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
  • Хятадын тал өмнө нь Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, сургууль, эмнэлэг зэрэг байгууламжуудыг барьж өгсөн бөгөөд цаашид Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор, Монголын Үндэсний урлагийн их театрыг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх болно.

Нэг үгээр хэлбэл, Хятадын тал Монголын талтай хөгжил дэвшлийн замд хамтран ажиллаж, зэрэгцэн урагшлахад үргэлж бэлэн байна. Талуудын харилцан ашигтай, хамтын ажиллагааны цар хүрээ улам тэлж, хамтын хөгжлийн зам улам өргөжнө гэдэгт би итгэлтэй байна гэв.