Индэр    
1 цаг 15 минутын өмнө
Зураг
Улс төр судлаач, тоймч

Гишүүнийг эгүүлэн татах хууль: Пандорагийн хайрцгийг нээх үү?

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн үеийн бүх улс төр гишүүнийг эгүүлэн татах хуулийг тойрч явагдаж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг үзвэл гишүүн тангаргаасаа няцсан, чуулганы хуралдааны болон санал хураалтын 70-аас дээш хувьд нь оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн бол татах үндэслэл болох нь. Тэр талаарх гомдлыг иргэн гаргаж болох нь мөн түүнчлэн жагсаалтын гишүүнд нам нь гомдож гишүүнээс нь татаж болох юм байна.

472 үгтэй энэ авсаархан хуулийн төсөл батлагдвал ирээдүйд ямар үр дагавар авчрах бол? Гишүүнийг эгүүлэн татах санаачилга дэлхийд анх удаа гарч байгаа юм биш. Дэлхийд 25 орчим ийм хуультай улс байна гэж хайлтаар гарч ирж байгаа ч ихэнх нь орон нутгийн төлөөлөгч, ИТХ-ын гишүүнийг татахаар зохицуулсан байдаг юм байна. Яг үндэсний парламентын гишүүнийг татдаг хэдхэн орон байдаг юм байна. Америкийн зарим муж байна, хэдэн Латин Америкийн орнууд байна, ази тивээс Тайвань байна, харин европт Их Британи гишүүнийг эргүүлэн татдаг хууль сүүлд баталсан юм байна. Түүнчлэн Латви, Лихтенштейн улсуудад иргэн нь гишүүн байтугай парламентаа тараадаг хуультай байх юм. Ер нь ихэнх ардчилсан оронд гишүүнээ эргүүлэн татдаггүй гэдэг тодорхой байна. Яагаад гэвэл парламентын гишүүдийг эгүүлэн татах асуудал нь ардчиллын нэг үндсэн зарчим болох “чөлөөт мандат”-тай шууд холбоотой. Энэ зарчмаар гишүүн нь зөвхөн тойргоо бус нийт ард түмнийг төлөөлдөг учраас түүнийг амархан татах механизм ихэнх ардчилсан оронд байдаггүй.

Эгүүлэн татдаг хуультай орнуудад ямар тохиолдолд татахаар заасан байна вэ? Мэдээж гэмт хэрэг хийсэн бол татаж болно, дээр нь ёс зүйн зөрчил буюу албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчил гаргасан, авлига авсан, нийтийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан бол татах үндэслэл байдаг юм байна. Цөөн тохиолдолд үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэл байна. Хамгийн сонирхолтой нь Тайванийн хуульд сонгогчид гишүүндээ сэтгэл ханамжгүй болбол татаж болох үндэслэл байна. Сонгогчдын 1% тухайн гишүүнд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж гарын үсэг зурвал процесс эхэлж 10% хүрвэл сонгогчдын дунд санал хураалт явуулж гарсан дүнгээр нь татах үгүйг шийддэг юм байна. Энэ заалтаа ч тэнд сайн ашиглажээ. 2020 оны сонгуулиар Гоминданы намын /эх газрын хятадтай нэгдэхийг дэмжигч нам/ том улс төрчийг Чен По-Вей гэдэг залуу жижигхэн намаас дэвшээд ялчхаж. Үүнд өс санасан Гоминданчууд түүнийг татуулахаар энэ хуулийг ашиглажээ. Тэрээр парламент дээрээ эх газрын Хятадын эсрэг нэлээн зоригтой дуугарч байсан нь сайхан завшаан болж Гоминданчууд түүний тойрогт кампанит ажил явуулж түүнийг тойргийн иргэдийн эрх ашгийг төлөөлөөгүй, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн, сонгогчдоо хүндэтгээгүй гэсэн шалтгаанаар эргүүлэн татах процессийг эхлүүлж 2021 оны 10-р сард сонгогчдын дунд санал хурааж 77,000 сонгогч эгүүлэн татахын төлөө 73,000 сонгогч эсрэг санал өгснөөр түүнийг парламентаас татаж чадсан байна. Ийнхүү тэрээр энэ хуулийн дагуу татагдсан анхны гишүүн болсон. Түүнийг эргүүлэн татуулсан явдал Тайванийн улс төрийн намуудад сайхан боломж болж харагдсан нь лавтай. Энэ хуулийг ашиглан өрсөлдөгч намын гишүүдийг татуулах уралдаан явагдаж эхлэв. Гоминданы намын гишүүдийг ч нөгөө намынхан татуулахаар оролдож эцэс төгсгөлгүй улс төр эхлэв. Нэг ёсондоо байнгын сонгуулийн байдалтай улс болж хувирсан.

Их Британид 2009 онд хэд хэдэн гишүүн олон нийтийн сангийн мөнгийг зүй бусаар зарцуулснаас болж гишүүдийн хариуцлагыг сайжруулах үүднээс 2015 онд гишүүнийг эргүүлэн татах хууль гаргасан. Гэхдээ Тайвань шиг сонгогчдын сэтгэл ханамж гэсэн барьцгүй шалтгаан бус харин яг гэмт хэрэг хийсэн нь тодорхой болсон тохиолдолд эргүүлэн татах процессыг эхлүүлж сонгогчдын 10% эргүүлэн татах саналд гарын үсэг зурвал гишүүнийг татахаар хуульчилсан. 2019 онд Фиона Онасаня гэдэг гишүүн энэ хуулийн дагуу гишүүнээс татагдсан. Тэрээр машин барьж байхдаа хурд хэтрүүлсэн бөгөөд баригдангуутаа машиныг өөр хүн барьж явсан гэж мэлзэж үзсэн бөгөөд энэ нь түүнийг хууль сахиулахад саад учруулсан гэдэг зүйл ангиар шийтгүүлж 28 хоног хоригдоход хүргэсэн. Тэрээр гараад “ажилдаа” ороод улмаар ажлаа өгөх ямар ч бодолгүй байгаа нь тодорхой болмогц тойргийн сонгогчид нь түүнийг эргүүлэн татах санаачилга өрнүүлж 27% нь дэмжиж гарын үсэг зурснаар тэрээр энэ хуулийн дагуу эргүүлэн татагдсан анхны гишүүн болж түүхэнд үлджээ.

Энэ хоёр кейсээс харахад эргүүлэн татах хууль яг ямар тохиолдолд хэрхэн татах вэ гэдэг үндэслэлийг маш тодорхой оруулах нь чухал байгаа юм. Тайвань шиг барьцгүй, хэн ч гомдож, хэнийг ч онилж болохуйц механизм хийвэл улс төрийн намууд түүнийг улс төрдөө ашиглах нь гарцаагүй, өрсөлдөгчдөө зайлуулахаар оролдох нь дамжиггүй, үр дүнд нь тойрог бүр дээр дуусашгүй сонгуулийн кампанит ажил явагдана гэсэн үг. Харин Их Британи шиг эхлээд хуулийн байгууллага дүгнэлт гаргаж, гэмт хэрэг хийсэн нь тодорхой болмогц процесс эхэлдэг байдлаар хийвэл парламентын дархлаа ч алдагдахгүй, улс төржилт ч бага, сонгогчдод ч ойлгомжтой байхаар байна.

Харин Монголын нөхцөлд ёс зүйн зөрчил гэдэг барьцгүй зүйл оруулж ирж байгаа нь эцэс төгсгөлгүй улс төржилтийг бий болгох, нэгэнт нээчихвэл хаагдахгүй Пандорагийн хайрцгийг нээж байна. Ялангуяа жагсаалтын гишүүний нам дүрэмдээ ёс зүйн кодыг яаж оруулах, хэрхэн тодорхойлох нь таашгүй байгаа нөхцөлд. Нэг хүний намууд бол даргын үгээр байхыг л ёс зүйтэй байна гэж тодорхойлох нь мэдээж. Тэгэхээр парламентын дархлаа алдагдаж, УИХ-ын гишүүн бүх ард түмний төлөө ажиллах нөхцөл байхгүй болно гэсэн үг. Жагсаалтын гишүүд гэж байнгын айдастай, намын даалгавраар ажилладаг “хэрэгслүүд” л болно.

Нөгөө талаар хуулийг санаачлах болсон нэг үндэслэл нь парламентын нэр хүндийг олон нийтийн дунд дээшлүүлэх гэж байгаа ч сонгогч олон нийтийн оролцоо зөвхөн иргэний гомдол гэдгээс өөрөөр байхгүй байгаа юм. Үнэхээр олон нийтийн хяналтыг оруулъя, олон нийтийн итгэлийг авъя, олон нийтийг оролцоог нэмэгдүүлье гэвэл тэдний саналыг авдаг байвал яадаг юм? Магадгүй УИХ дах олонход таалагдахгүй ч тойргийн сонгогч олны итгэлийг хүлээсэн гишүүн байж болно, эсрэгээр УИХ дотроо бяртай харин сонгогчид дургүй гишүүн байж болно. УИХ ёс зүйтэй гишүүн гэж үзэж эргүүлэн татахгүй гэсэн ч сонгогчид ёс зүйгүй байна гэж үзэж байвал яах вэ?

Товчхондоо дэлхийд маш ховор хэрэглэгддэг механизмыг Монголд нэвтрүүлж, түүндээ ёс зүй гэсэн барьцгүй субъектив шалтгаар гишүүнийг татах үүдийг нээж, түүнд нь сонгогчдын оролцоо хяналт байхгүй байдлаар хууль боловсруулсан нь тун харамсалтай. Хэрвээ үнэхээр парламентын дархлааг нэмэгдүүлж, олон нийтийн дунд нэр хүндийг нь өргөх гэж байгаа бол үндэслэлүүд маш тодорхой, улс төржилтөөс ангид, дээр нь сонгогчдын оролцоог хангасан Их Британийн жишгээр хуулиа боловсруулбал ардчилалд, парламентад хал багатай, олон нийтэд ойлгомжтой болох юм.