Толстойн дэлхийд алдартай эшлэл байдаг: “Бүх аз жаргалтай гэр бүлүүд адилхан, харин зовлонт гэр бүлүүд өөр өөрсдийнхөөрөө ондоо зовлонтой байдаг”.
Бүх дарангуйлалт дэглэмүүд адилхан байдаг ч, зовлон ирэхэд өөр өөрийнхөөрөө ондоо төгсдөг нь сүүлийн үеийн үйл явдлуудаас тод харагдах боллоо. Венесуэл, Иран хоёр адилхан л ардчилсан бус, дарангуйлалт дэглэмтэй. Иргэний эрх чөлөө хязгаарлагдмал, хүчнийхний хяналт өндөр, сонгууль чөлөөт бус, хэвлэл хяналтад, эрх мэдэл төвлөрсөн, хүний эрх шалан дээр, харин элитүүд тусгай эрх хангамжтай. Гэвч лидергүй Венесуэл лидергүй Иран хоёр ямар өөр, ямар ялгаатай байгаа нь судлаачдад дарангуйлалт дэглэмүүдийг харьцуулж харах сайхан боломж өгч байна. Гол ялгаа нь дарангуйлал юун дээр тогтож байгаагаас хамаарч байгаа юм. Ихэнх автократ/дарангуйлалт дэглэмийг хувь хүнд суурилсан /personalistic/ ба идеологи/үзэл санаанд суурилсан гэж хувааж үзэж болно. Хувь хүн дээр суурилсан дэглэм гэхээр та бидний мэдэх Каддафийн Ливи, Чавезийн Венесуэль, Саддам Хусейний Ирак гэсэн ойрын жишээг хэлж болно. Энэ дэглэмүүдэд бүх эрх мэдэл инститүц буюу албан байгууллагуудад биш тухайн хувь хүн дээр төвлөрч байдаг. Инститүцүүд нь тэгэхээр сул, элитүүд нь ур чадвараараа бус харин лидерт хэр үнэнчээс шалтгаалж албан тушаалд томилогддог. Хамгийн гол нь лидер байхгүй болохоор яах нь тодорхойгүй, хэн хэзээ яаж томилогдох талаар асуух хэлэлцэх хориотой байдаг. Дарангуйлагч бүр параной буюу сэжигч, муу санаагаар дүүрэн байдаг. Хэн миний эсрэг хуйвалдаж байна, хуйвалдах магадлалтай байна, хэн хүчирхэгжиж байна, хэн өөрийг нь муулж байна гэж байнга хардаж, өчүүхэн төдий сэжим гарвал хайр найргүй дардаг. Тэдний хувьд залгамжлагчаа зарлах нь аюулыг дагуулж байдаг. Нэгдүгээрт өөрийнх нь нөлөө багасч хүмүүс залгамжлагч руу ойртох хандлагатай болдог, хоёрдугаарт залгамжлагчийг дайснууд нь татан авч өөрийг нь хурдан зайлуулахыг оролдоно, гуравдугаарт залгамжлагчаар тодроогүй бусад элитийн бүлэглэлүүд өөрийнх нь болон залгамжлагчийн эсрэг хуйвалдах магадлал өндөрсөнө. Тиймээс энэ сэдэв ихэнхдээ хориотой байдаг. Тиймээс ч лидер байхгүй болонгуут Ливи, Иракд юу болсныг бид бүгдээрээ харсан. Бөөн хаос, парламент, засгийн газар нь бужигнаж, элитүүд нь хоорондоо байлдаж эхэлсэн.
Харин идеологид суурилсан дарангуйлал бат бөх байдаг. Идеологи нь хувь хүнээс удаан амьдардаг, дээрээс нь хувь хүмүүс дээр бус инститүцүүд дээр тулгуурладаг. Инститүц нь нам байна уу, шашны зөвлөл байна уу хамаагүй, лидерээс харьцангуй хараат бус, дүрэм журамд суурилсан байдаг учраас лидер байхгүй боллоо ч инститүц нь дараагийн лидерийг томилоод цааш явдаг. Элитүүд нь лидерт бус үзэл санаандаа үнэнч байхыг шаарддаг. Ийм дэглэм гэвэл хуучин ЗХУ, БНХАУ, Вьетнам, Хойд Солонгос (династи+үзэл суртлын гибрид), Куба (Кастрогын дараах), одоогийн Ираныг хэлж болно. Ийм дэглэм бөх бат байдаг. Иран гэхэд сүүлийн хэдэн арван жил байнгын санкц дор байсан, ЗХУ ч бас барууны санкцтай байсан, Хойд Солонгос бүр ярилтгүй хэцүү он жилүүдийг туулсан. ЗХУ задарсан нь хувь хүнтэй холбоогүй, харин эдийн засаг, үзэл суртлын ялагдал байсан.
Иран бол шашны үзэл суртал дээр суурилсан дарангуйллын дэглэм. Хэдийгээр Үндэсний удирдагчийн эрх мэдэл өндөр ч түүний дараагийн удирдагчийг тэр биш Мэргэдийн Зөвлөл тодруулна. Зөвлөл нь нэр хүнд бүхий, олон нийтээс сонгогдсон шашны зүтгэлтнүүдээс бүрддэг. Тиймээс Иранд удирдагч үгүй болсон ч инститүц нь байгаа учир дараагийн хүнийг тодруулаад цааш яваад байна. Харин Чавезийн дараа Венесуэль хэцүүдсэн, Мадуро арми, мөнгөөр үйлчилдэг хагас цагдаа, хагас сайн дурын бүлэглэлүүдийн ачаар оршин тогтнож байгаад одоо улс нь америкийн үгээр, нефтийн мөнгөө америкаас авч амьдарч байна.
Тийм байдаг юм байж, гэхдээ энэ нь Монголд ямар хамаатай вэ? Монгол маань хоёр том хөрштэй. Тиймээс Монголыг хамгийн аюулгүй орон гэж зарим судлаачид үздэг, учир нь хэн ч энэ хоёр хөршийг давж бидэнд халдаж чадахгүй. Энэ утгаараа бид азтай. Гэвч цаашид энэ чигээрээ байх эсэх нь энэ хоёр хөршийн маань тогтвортой байдлаас хамаарна. Харамсалтай нь хоёр хөрш маань хоёулаа хувь хүн дээр суурилсан дэглэм болох зам руугаа улам хазайж байна. Эрх мэдлийг улам төвлөрүүлсээр байна. Хэдийгээр хөршүүд рүү маань Америк дайрах магадлал 0 ч гэсэн, удирдагч нар нь ямар нэгэн байдлаар үгүй болоход яах нь тодорхойгүй болж байна. Энэ бол бодитой аюул. Зөвхөн Монголоор тогтохгүй дэлхийн аюулгүй байдалд том эрсдэл. Цөмийн асар олон пуужинтай улсад үймээн самуун гарах нь дэлхий сүйрүүлэх аюултай. Каддафи Садам хоёр үхэж, Ливи Ирак бужигнахад бид зурагтаар хараад л өнгөрсөн. Харин хоёр хөрш бужигнавал бид хараад өнгөрөх зол байна уу гэдэг бидний хувьд том асуулт. Товчхондоо дүгнэхэд дарангуйлал бүр адилхан мэт харагдавч тэдний сул тал өөр өөр байдаг. Зарим нь лидерээ алдмагц нурдаг. Зарим нь институцээрээ тогтвортой байдлаа хадгалж үлддэг. Үүнийг мэдээд авчихвал бид бодит эрсдэлээ ойлгоход том нэмэр болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!