Жилийн дотор гурван Ерөнхий сайдын нүүр үзсэн ч Монголын улс төрийн системд ямар ч өөрчлөлт гараагүй байна. Байгалийн баялгаас хэт хараат эдийн засагтай улсын элитүүд хэн баялгаа хянаж, хэн нь зарж, хэн нь мөнгийг нь эргэлдүүлэх вэ гэсэн тэмцэлд төвлөрч түүнийгээ тойрсон улс төр хийж, бусад салбар, бусад асуудлаа анхаардаггүй, сонирхдоггүй жамтай. Ард түмэн ч яаж баялгаас хүртэх вэ, хэн бидэнд илүүг хүртээх вэ гэсэн асуудлыг тойрсон улс төрд ач холбогдол өгдөг. Харамсалтай нь хүн амын олонх нь уул уурхай бус худалдаа үйлчилгээний салбараас хоолоо олдог учир тэдний амьдрал, баялгийн бус эдийн засгаа сайжруулахын тулд урт хугацааны реформын шинжтэй бодлогууд тогтвортой явуулж үр дүнгээ гаргах ёстой байдаг. Баялаг тойрсон популизм системд ийм урт хугацааны реформ, бодлого хэрэгжүүлэх боломж олгодоггүй. Гэхдээ ардчилсан инститүцүүд нь хүчтэй, иргэний нийгэм нь идэвхтэй байвал эдгээр элитүүдийг хэмжээ хязгаарт нь байлгаж, тэдний анхаарлыг нь хэрэгтэй асуудлууд руу хүчээр чиглүүлж явж байдаг. Харин системийг ингэж хязгаарлах, чиглүүлэх хүч сул байвал аажимдаа энэ систем авторитари дэглэм рүү гулсдаг нь улс төр судлалын шинжлэх ухааны нэг хууль. Харин манай улс төрд сүүлийн үед болж буй үйл явдлуудыг харахад улс төрийн систем маань гурван хүчин зүйлээс хамаарч цаашдаа яах вэ гэдэг нь тодорхой болохоор байна.
Олон улсад бүрэн эрх нь дуусаж буй, дахин сонгогдохгүй ерөнхийлөгчийг “доголон нугас” гэдэг. Уул нь үүгээрээ эрх мэдэл нь холдож, хүч нь буурч, бяр нь шавхагдаж буй хүнийг илэрхийлдэг ч дэлхийн улс төрийн түүхэнд ихэнхдээ эсрэг нөхцөл байдалтай болсон нь олон.
2025 онд олон нийтийн дургүйцлийг манлайлж улс төрийн капиталаа нэмж, нам доторх байр сууриа бэхжүүлж чадсан манай ерөнхийлөгч өөрийн хүмүүсээ томилсоор байна. Үзэл санаа бус лидер төвтэй нам нь даргаа хөөж явуулаад “succession vacuum” буюу залгамжлагч лидерийн дутагдалд орсон байсан ч Учралыг залгамжлагч гэж хүлээн зөвшөөрүүлж чадлаа. 2027 онд ерөнхийлөгч өөрөө намдаа эргэн ирэх үү, Учрал тэр үед зайгаа тавьж өгөх үү гэдэг асуулт үлдэж байна. Франкенштейний проблем буюу бий болгосон хүн нь эргээд өөрөөс нь хамааралгүй, бүр эсрэг болох тохиолдол ч түүхэнд олон бий. Гэвч одоохондоо тэрээр хоёр хуваагдсан намыг 2027 он хүртэл задалчихгүй барьж явах хүндхэн үүрэг хүлээж байна.
Оролцоо нь ялалтын баталгаа болдоггүй. Гэхдээ оролцоогүй байдал нь ялагдлыг баталгаажуулдаг
Хамгийн санаа зовоож байгаа асуудал бол ингэж хуваагдсан эрх баригч нам улс орны бодлогын асуудлууд дээр төвлөрч чадахгүй, томилгоо, хэрэг, тендер ярьж хэрэлдсээр бүрэн эрхээ дуусгах, төрийн инститүцүүд түүнийг нь дагаад сулрах, реформ хийгдэхгүй явсаар эдийн засгийн нөхцөл байдал улам муудах эрсдэл байна. 2027 оны сонгууль ч бусад бүх асуудлыг хойш татах нь тодорхой. Хэрвээ сонгуульд ялагдвал хуваагдал улам эрчимжиж, ерөнхийлөгчийн хяналтаас гарсан хямрал болно. Нэг зүйл тодорхой: МАН системийг өөрчлөх оролдлого хийхгүй, хийх ч боломж гарахгүй. Франкенштейн проблем, сонгуулийн ялагдал зэрэгцвэл 2028 оны сонгууль ч тус намын хувьд хүндхэн болно.
МАН-ын нэр хүнд унах тусам, дотроо зодолдох тусам АН-д ашигтай байгаа ч энэ боломжит цаг үеийг яаж ашиглахаас тэдний цаашдын ирээдүй хамаарна. Хамгийн амархан арга бол МАН-ын алдаа бүр дээр тоглолт хийж, попрох. Гэхдээ одоо амархан ч ирээдүйд энэ нь эргээд тэдэнд улс төрийн эрсдэл авчирна. Систем буруу гэхээсээ, МАН буруу, хүмүүс буруу, асуудлыг хүн, нам солих байдлаар шийдэхийг санал болгох нь иргэдэд худал найдвар, төөрөгдөл бий болгохоос асуудлыг алга болгохгүй. Системийг засах урт хугацааны, сайтар боловсруулсан хөтөлбөргүйгээр дан популизмаар ялалтад хүрвэл тун удалгүй хүмүүсийн өндөр хүлээлтэд хүрч чадалгүй, дараагийн хямралд татагдан орно. Үүнээс сэргийлэхийн тулд одооноос бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулж эхлэх хэрэгтэй. Ингэхийн тулд АН анти-МАН нам байхаа болих ёстой. Зөвхөн МАН-ын алдаанд төвлөрч, МАН-ыг ялахад чиглэж явбал улс орны хөгжлийн зураглалаа олж харж чадахгүй байсаар сонгуульд хоосон популизмтай л орно.
Сонгуульд ялах нь засгийн эрхийг авна гэсэн үг биш. Засгийн эрхэнд гарах нь системийг өөрчилнө гэсэн үг бүр ч биш. Монголын улс төрийн намуудын санхүүжилтийн бодит байдлыг харвал бидний мэдэх хэдэн томоохон бизнесийн бүлэг ялагч хэн болохоос үл хамааран хоёр намыг зэрэг санхүүжүүлдэг нь нууц биш. Тэд зарчимд биш, үзэл баримтлалд биш, хандлагад биш харин хожигчид хөрөнгө оруулдаг. Тиймээс АН ялалтын дараа системийг өөрчлөх бодлого хэрэгжүүлэхийг оролдвол тэр санхүүжилтийн сүлжээ нь тэднийг МАН-ын адил хязгаарлана.
Энэ бол популизмаас дутахгүй аюултай зүйл юм. Либерал шинэчлэлийн нэрийн дор томоохон бизнесүүд татвараас зайлсхийх, давуу тал олох, монополичлол тогтоох бодлогуудыг лоббидох нь гарцаагүй. Эдийн засгийн зогсонги байдалд оруулдаг нэг хүчин зүйл бол бизнесүүдийн хэт томрол, монополичлол байдаг. 1970-аад оноос америк болон их британид явагдсан либералчлал нь эдийн засгийн өсөлтийг бий болгосон ч одоо тус орнуудын тогтворгүй байдлын гол эх үүсвэр болох хэт тэгш бус байдлыг тэр үед бий болгосон. Хүн амын топ 1% хэт баяжих эхлэл тэндээс эхлэлтэй гэдэг.
Монголын ардчиллын хамгийн том эрсдэл бол авторитари дэглэм рүү чиглэсэн төрийн эргэлт биш, нэг хүний дарангуйлал биш. Хамгийн бодит эрсдэл бол ардчилал ёс төдий үлдэж, агуулга нь алдагдах явдал. Сонгууль явагдана, намууд өрсөлдөнө, хэвлэл мэдээлэл ажиллана, гэхдээ тэдгээрийн цаана хэн юуг яаж шийдэж байгааг олон нийт харахгүй, мэдэхгүй, эсвэл мэдэж болохгүй нөхцөл аажимдаа тогтоно
2010-аад оны Монголын уул уурхайн бум мөн адил замаар явсан. Эдийн засаг хурдан өссөн ч тэр өсөлт нэг давхаргад л төвлөрч, нийгмийн хуваагдлыг гүнзгийрүүлж, улс төрийн хурцадмал байдлын суурийг тавьсан. Өнөөдөр ч тэр хуваагдал арилаагүй. Дараагийн "либералчлал" нь өмнөх сургамжаа давтах аваас тэр хуваагдлыг засахгүй улам гүнзгийрүүлнэ. Харин тэр хуваагдал нь улам их популизмыг шаардах болно.
Энэ байдал нь Монголын ардчилалд тодорхой эрсдэл авчирна. Мэйнстрим буюу системийн намуудад итгэл алдарсан иргэд дахиад л гудамжны, сошиалын поп одууд руу итгэлээ өгч эхэлнэ. Инститүц, зарчим, үнэт зүйлд огт итгэдэггүй, харин үгүйсгэдэг, устгахыг хүсдэг хүмүүс засгийн эрхэнд гарвал ардчиллыг аюулд оруулдгийг сүүлийн үеийн дэлхийн улс төрөөс харж болно.
Энэ нь тэдгээр иргэдийн буруу биш. Нэг биш, хоёр удаа ч биш, удаа дараалан адил үр дүнд хүрэхийг харсан хүн "юу ч өөрчлөгдөхгүй" гэж дүгнэж буй нь тэр хүний муудаа биш, туршлагаас нь гарсан логик дүгнэлт юм. Улс төр судлалд үүнийг "оновчтой мэдлэгийн мунхаглал" гэдэг — нэг хүний оролцооны үр нөлөө хэт бага байх үед хамгийн ухаалаг шийдвэр нь огт оролцохгүй байх юм байна гэж хүн боддог.
Итгэлийг алдагдуулах хамгийн нарийн механизмуудын нэг жишээ нь "хөгжлийн эсрэг" шошго юм. Туулын замын талаар асуусан иргэдэд ийм шошго нааж байсныг бид саяхан харсан. Ийм орчинд иргэд аажимдаа асуухаа болино. Асуухаа больсон иргэд бол эрх мэдлийг хязгаарлах хамгийн чухал хэрэгслээ алдсан нийгмийг бий болгодог.
Ардчилалд хамгийн халгаатай зүйл бол энэ. Ийм иргэд олон болох тусам элитүүд нийлж хулгайлах, нийлж хуйвалдах, эрх мэдлийг урвуулан ашиглахад таатай хөрс суурь бий болж байдаг.
Энэ гурван хүчин зүйл — доголон нугас, поп сөрөг хүчин, залхсан ард түмэн — тус тусдаа авч үзвэл бүгд удирдах боломжтой асуудлууд. Гэхдээ эдгээр нь нэг цаг үед давхцаж байгаа нь тэдгээрийг нийлбэр утгаараа тун хэцүү, хүнд асуудал болгодог.
Монголын ардчиллын хамгийн том эрсдэл бол авторитари дэглэм рүү чиглэсэн төрийн эргэлт биш, нэг хүний дарангуйлал биш. Хамгийн бодит эрсдэл бол ардчилал ёс төдий үлдэж, агуулга нь алдагдах явдал юм. Сонгууль явагдана, намууд өрсөлдөнө, хэвлэл мэдээлэл ажиллана, гэхдээ тэдгээрийн цаана хэн юуг яаж шийдэж байгааг олон нийт харахгүй, мэдэхгүй, эсвэл мэдэж болохгүй нөхцөл аажимдаа тогтоно. Улс төр судлалд ийм байдлыг "хоосон ардчилал" гэж нэрлэдэг.
Үүнийг зогсоох хамгийн хүчтэй хүч бол хуулийн нарийн заалт биш, нэг шударга удирдагч ч биш. Энэ нь асуудаг, шаарддаг, оролцдог иргэд юм. Оролцоо нь ялалтын баталгаа болдоггүй. Гэхдээ оролцоогүй байдал нь ялагдлыг баталгаажуулдаг. Хүмүүсийн залхсан байгааг ойлгож байна. Гэхдээ залхсан байдлаас хамгийн их ашиг хүртэгч нь тухайн системийг залхаасан хүмүүс гэдгийг мартаж болохгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!