Индэр    
37 минутын өмнө
Зураг
Улс төр судлаач, тоймч

Бразил, Монголын авлигатай тэмцсэн гунигт түүх

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Кино л гэсэн үг. 2014 он, Бразил улс.

Нэгэн жижиг машин угаалгын газрын эзнийг мөнгө угаасан хэргээр шалгах явцдаа цагдаа нар асар том авлигын схемийг илрүүлнэ. Энэ хэрэгт ТӨК-уудын захирлууд, хувийн компанийн эзэд, улс төрчид, тэр байтугай хуучин ерөнхийлөгч холбогдож шалгагдана. Нийт авлигын хэмжээ зөвхөн нэг компанийн зүгээс гэхэд 2.1 тэрбум доллар байх жишээтэй. Схем нь энгийн: асар том ТӨК байна. Түүнд намаас удирдлага томилно. Томилсон удирдлага үндэсний томоохон компаниудаас 1-5% авлига авч тендер өгнө, тэр авлигын мөнгийг намдаа болон улс төрчдөд өгнө, мөн янз бүрийн данс, оффшоороор оруулж угаана.

Энэ хэрэгт холбогдуулж нийт 300 орчим хүнийг шалгасан ба үүнд 48 парламентын гишүүн, хоёр ерөнхийлөгч багтана. Тус хэргийг шүүж байсан Дээд шүүхийн шүүгч онгоцны ослоор нас барсан нь тун ч сэжигтэй. Уг хэргийг шалгаж байсан мөрдөгч япон гаралтай залуу, прокурор, шүүгч гурав Бразилд баатар болсон, хоол идэхээр ресторанд орж ирэхэд нь бүгд босож алга таших жишээтэй. Ард түмэн шоок. Хэрэгт холбогдогсдыг хараана, ал, дүүжил, цаазал гэнэ. Гэвч гол хэрэгтнүүд прокурортой хэрэг наймаалцаж, бусдыгаа барьж өгөөд ялаас мултарна. Энэ кэйсийн талаар Netflix кино хийсэн. /The Mechanism/

Ингээд Бразилд авлига багасаж, шударга ёс тогтжээ гээд дуусгавал сайхан. Гэвч тэгсэнгүй ээ. 2019 онд энэ хэргийг шалгаж байсан прокурор, шүүгч хоёрын Telegram дээрх хоорондын харилцааг хакерууд олж сэтгүүлчдэд өгснөөр энэ хэргийн талаар эвгүй баримтууд ил болжээ. Дээрх хоёр эрхэм хоорондоо хэнийг яаж яллах уу, хэнд нь ямар хэрэг тулгах уу, ямар эд мөрийн баримт олж хэрэгт хавсаргах уу гэх мэт тун нарийн асуудлуудыг ярилцаж, хамгийн гол нь улс төрийн өрсөлдөгч нараа яаж хэрэгт оруулах талаар тохироо хийж байсан нь тодорхой боллоо. Ийнхүү “Машин угаалга” операци нь улс төрийн зорилготой, хүмүүсийг айлган сүрдүүлж хүчээр хэрэг хүлээлгэсэн, хууль ёсыг гажуудуулсан хэрэг болон хувирч 2020 он гэхэд ихэнх хэргийг Дээд шүүхээс хэрэгсэхгүй болгосон.

2014 онд Бразил Авлигын индекс 43 оноотойгоор 69 дүгээр байрт байсан бол жил ирэх тусам оноо нь буурсаар 2020 онд 38 оноотойгоор 94 дүгээр байрт жагссан.

За бид бүгдээрээ мэдэх түүх. Монгол Улс, 2022 он. Нэгэн шинэхэн томилогдсон сайд нүүрсний экспортын хэмжээ ба борлуулалтын орлого хоорондоо нийцэхгүй байгааг гярхай олж харна. Түүний гарын хүн болох нэг улс төрч бүр тооцоо хийгээд 40 их наяд төгрөг дутаж байгааг зарлана. Ингээд “Нүүрсний хулгайн хэрэг” эхэлнэ. Алтан ургийн аймгаас БЭТ томилогдож, удирдлагыг гартаа авлаа. АТГ шуурхай ажиллаж 100 гаруй хүн шалгана. Улс төрчид болон хэвлэлийнхэн яагаад ч юм АТГ-ыг хавтаст хэргийг харчихсан, уралдаж хэрэг шүүнэ, ард түмэнд хүргэнэ. Ард түмэн шоок. Бүгдийг нь ал, дүүжил, цаазал.

Авлигатай тэмцэх нь кино жүжиг шиг, детектив зохиол шиг ажил биш юмаа. Ялангуяа улс төрчид сенсацилаж, нэгнээ зайлуулж байгаа бол бүр ч худлаа байдаг

Хэргийн талаарх хэвлэлийн мэдээллээр бол нүүрс борлуулах гэрээг хятадуудтай тохирч өгч, тонн тутмаас мөнгө авдаг сүлжээ байдаг аж. Тэр байтугай 2 сая тонн нүүрсийг ямар ч татвар, гаалийн мэдээгүйгээр хил давуулан зарчихсан. Хэрэгт холбогдоогүй дарга байхгүй, нэг нэгнээ холбож нэр хоч өгсөн нь тоймгүй. Гэвч хаалттай шүүхээр ял авсан хоёр кейс нь хөрөнгөө тайлбарлаж чадаагүй, нэгэн банканд давуу тал олгож гэрээ хийсэн гэсэн хэргүүд байна. Нүүрсний сонсголоор ч яг хэн хэрхэн хэдээр нүүрс борлуулаад хэдэн төгрөг авсан, 2 сая тонн нүүрсийг гаргасан эсэх, яаж гаргасан талаар бодитой мэдээлэл байсангүй. Бүгд л тийм хэрэг байх боломжгүй, хууль дүрмийн дагуу л ажилласан болж таарсан.

Одоо ч энэ хэргийг шалгасаар байгаа гэх боловч холбогдсон гэх том дарга нар ажлаа хийсээр л явна. Хэргийг ил болгож, тэмцлийн магнайд явсан дарга нь өөрөө орлогоо нотолж чадахгүй байсаар буулаа. Нөгөө том дарга нь ажлаа өгөөд амарч явна.

Монгол Улс авлигын индексээр 2022 онд 33 оноотойгоор 116 дугаар байрт байсан бол 2025 онд 31 оноотойгоор 124 дүгээр байрт оржээ.

Ийнхүү авлигатай тэмцсэн Бразил ба Монголын ялгуусан түүх оршвой. Эндээс авах сургамж юу байх вэ? Авлигатай тэмцэх нь кино жүжиг шиг, детектив зохиол шиг ажил биш юмаа. Ялангуяа улс төрчид сенсацилаж, нэгнээ зайлуулж байгаа бол бүр ч худлаа байдаг. Авлигатай тэмцэх ажил хэн нэгэн хувь хүний, даргын, нэгэн баатрын хийх ажил бүр биш. Ингэж ард түмэнд сенсаци хаяж өгч, тэмцлийг манлайлж оноо авах оролдлого бүр нь эцэстээ олон нийтийн шударга ёсонд итгэх итгэлийг үгүй хийж, нийтээрээ цөхрөхөд л хүргэдэг. Дарга нарын хувьд авлига авах нь асуудал биш харин том даргын талын хүн байхад болно гэдэг мессэж үлддэг.

Харин авлигатай тэмцэх нь өдөр тутмын уйтгартай ажил байх ёстой. Хууль, дүрэм, журам өөрчлөх, батлуулах, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийг шалгах, бүх дүрэм журам мөрдүүлсэн эсэхийг хянах гэх мэт бичиг цаасны, оюун санааны, байнгын, тогтвортой ажил юм. Үүнийг дарга биш хараат бус инститүцүүд хийх ёстой. Инститүцүүд хууль сахиулах, шүүх байгууллагууд хараат бус байхыг хангах, шүгэл үлээгч нарыг хамгаалдаг байхад анхаарах, ТӨК-уудын засаглал ил тод байхад төвлөрөх, мэдээлэл нууц биш ил байхыг шаардаж, иргэдээ соён гэгээрүүлэхийн төлөө ажиллах ёстой.

Энэ ажлаа хаячхаад авлига авах бүх нүх сүвийг нээлттэй орхиж байгаад таалагдахгүй нэгнээ барьсан болж, талынхаа хүмүүсээ зөнд нь орхиж нүдээ аниад суудаг улсын авлига буурдаггүй нь олон улсын индексээр харагдаж байдаг. Бразил ч, Монгол ч гол ажлуудаа хийгээгүй орхисон, харин хэдэн жил сенсацилж амьдарсан, эцэст нь Петробрас /Бразилийн хамгийн том, мөнгөтэй ТӨК/ нь ч ЭТТ нь ч улс төрөөс хараат байсаар үлдсэн, ямар ч реформ хийгдээгүй, улс төрчид солигдсон ч авлигын систем хэвээрээ үлдсэн.

авлигатай тэмцэх нь өдөр тутмын уйтгартай ажил байх ёстой. Хууль, дүрэм, журам өөрчлөх, батлуулах, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийг шалгах, бүх дүрэм журам мөрдүүлсэн эсэхийг хянах гэх мэт бичиг цаасны, оюун санааны, байнгын, тогтвортой ажил юм

Тэгэхээр бүгдээрээ хэн нэгэн дарга сенсаци зарлахыг хүлээж, хэн нэгнийг дүүжлэхийг шаардахаасаа илүү авлигатай тэмцэх бодитой алхмуудыг, реформууд хийхийг, хуулийн байгууллагууд дарга нарын даалгавраар бус өөрсдөө бие дааж ажиллах нөхцөлийг шаардах, тийм улс төрчдийг, улс төрийн хүчнийг дэмжиж байж л авлига буурах ганц арга зам байна. Уйтгартай, баатаргүй, сенсацигүй, гэвч бодитой арга зам.