Уншиж байна ...

"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч нэн яаралтай горимоор өргөн барина"

Б.Бадамгарав, IKon.mn
47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч иргэд, олон нийтийн парламент дахь хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барихаар болжээ. 

Энэ талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас мэдээлэл хийж танилцуулав.

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр "Монгол Улс парламентын засаглалтай орон. Иймд парламентын дархлаа, нэр хүнд нь манай улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үздэг.

УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлага, иргэдийн итгэл бол парламентын тогтолцооны цөм бүрдэл хэсэг. Сүүлийн үед УИХ-ын гишүүд хулгай, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч УИХ-ын гишүүнийхээ дархан эрхээр халхавчилж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байгаад иргэд шүүмжлэлтэй ханддаг. Энэ асуудлыг нэн яаралтай засаж залруулахыг шаардсаар байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан байдаг. Харамсалтай нь уг заалт хэрэгжих эрх зүйн орчин нь амьдралд биеллээ олж чадаагүй байв. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллага нь ёс зүйн өндөр хэм хэмжээнд байх ёстой гэж үзэн Үндсэн хуулийн дээрх заалт хэрэгжих гол зангилаа болсон хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж байна.

Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дараах үндэслэлүүдийг тусгасан.

  1. Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлнэ
  2. Өргөсөн тангаргаасаа няцаж ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна
  3. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гишүүнийг эгүүлэн татах үндэслэл гэж тусгасан
  4. Парламентад суудалтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгалаа.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалаа хамгаалах, сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой.

Цаашид энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авч, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн барина" гэлээ.