Татварын багц хуулийн шинэчлэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 2.7 их наядаар бууруулахаар тооцжээ

А.Төгөлдөр, iKon.mn
52 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Засгийн газраас 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг ийнхүү нэрлээд буй. 

Уг хуулийн төслийн талаар Сангийн яам болон Татварын ерөнхий газрын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл өглөө. 

Татварын багц хуулиудын шинэчлэлээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөг, нийт 2.7 их наяд төгрөгийн татварыг үе шаттайгаар бууруулахаар тооцжээ.

Хуулийн төсөлд тусгасан аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн заалтуудаас онцолбол,

  • Аж ахуйн нэгжийн орлогын татварын шатлал шинэчлэгдэж, 6–10 тэрбум төгрөгийн орлогод 15%, 10 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25% татвар ногдуулна.
  • Жижиг, бичил бизнесийн хялбаршуулсан татварын босго 400 сая төгрөг болж, 1% татвар төлөх боломж бүрдэнэ.
  • Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын 90% буцаалт авах босго 2.5 тэрбум төгрөг болно.
  • Өртэй байгууллагын банкны дансанд ирээдүйд орох орлогын 20%-ийг битүүмжлэхгүй үлдээнэ.
  • Гааль дээр НӨАТ-ыг 2 сар хүртэл хойшлуулж төлөх боломжтой.
  • Тайлан залруулах хугацааг 1 жилээс 2 жил болгон сунгасан.

Өөрөөр хэлбэл, жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 хувийн татварыг хөнгөлж 1 хувийн орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлнэ. Аж ахуйн нэгжүүд томрох, өргөжих боломжийг олгох зорилгоор 25 хувийн татвар төлдөг босгыг 6 тэрбумаас 10 тэрбум болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулан 15 хувийн татвартай байхаар тусгасан байна.

1 хувийн татварын хялбаршуулсан горимыг 400 сая төгрөг хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлттэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлэхээр болжээ. Бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг НӨАТ-ын хасалт хийх боломжийг хязгаарласан заалтуудыг өөрчилж бизнесийн үйл ажиллагаанд гардаг НӨАТ-ын хасалтуудыг зөвшөөрөхөөр тусгаж.  

Харин иргэдэд чиглэсэн өөрчлөлтүүд:

  • Сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100%,
  • 500 мянга–1 сая төгрөгт 50%, 1 саяас дээш хэсэгт 20% тус тус буцаан олгоно.
  • Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100% хөнгөлнө.
  • Орон нутагт анх удаа орон сууц худалдан авсан болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авсан иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт олгоно.

Түүнчлэн үйлдвэрлэл эрхлэгчдэд түүхий эдийн худалдан авалтын И-баримт, НӨАТ хасалтын асуудлыг бүрэн зөвшөөрнө гэж хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр НӨАТ бизнесүүдэд дарамт болж, өртөг зардал нэмэгдүүлж байгаа асуудлыг шийдэж, НӨАТ-ын дамжуулан тайлагнагч агент үүрэг гүйцэтгэдэг болох шинэчлэлийг эхлүүлж байгаа аж.  Цаашид бүх нийтээрээ төлбөрийн баримт олгож, далд эдийн засгийг бууруулж, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарах юм байна.

Татварын өртэй татвар төлөгчдийн дансыг бүрэн битүүмжлэхгүй байхад анхаарч, ирээдүйн орлогыг татварт бүрэн суутгаж байгааг 80 хувь болгон өөрчилж, бизнесээ үргэлжлүүлэн татвараа төлөх боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгохоор хуулийн төсөлд тусгасныг хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс онцолж байв.