Олон улсын хямрал Европ, Ойрх Дорнодыг Өмнөд Солонгосын зэр зэвсгийн экспортын гол зах зээл болгожээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас Европ болон Ойрх Дорнод нь Өмнөд Солонгосын зэвсгийн экспортын гол зах зээл болжээ.

Тус улсын томоохон зэвсэг үйлдвэрлэгчид Европ тивд үйлдвэрүүдээ байгуулж, Ойрх Дорнодын орнуудад нийлүүлэлтээ нэмэгдүүлэх болсон нь Орос-Украины дайн, Ираны эсрэг АНУ, Израилийн дайнтай холбоотой юм.

Тухайлбал Hyundai Rotem компани 2029-2031 онуудад Польш улсад 61 ширхэг K2PL загварын танк үйлдвэрлэж, тус улсын зэвсэгт хүчинд нийлүүлэхээр болжээ.

Тус компани бас Польшийн батлан хамгаалах салбарын Bumar компанитай танк үйлдвэрлэл, шинэчлэл, засвар үйлчилгээний технологи дамжуулах гэрээ байгуулсан байна.

Hanwha Aerospace компани Румын улсад ижил төстэй хамтын ажиллагаа эхлүүлжээ. Тус компани хоёрдугаар сард K9 Thunder өөрөө явагч их буу, K10 сум хангамжийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын ажил эхлүүлсэн юм.

Румын улсад байгуулагдаж буй энэ үйлдвэр угсралт, туршилтаас гадна засвар үйлчилгээг хариуцах юм байна.

Түүнчлэн уг үйлдвэрийг ирээдүйд явган цэргийн байлдааны машин, жолоочгүй хуурай замын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх гол бааз болгон ашиглахаар төлөвлөжээ.

Тус компани бас Эстони улсад жилд 300,000 ширхэг 40 мм-ийн сум үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болсон байна.

Ойрх Дорнодод үргэлжилж буй дайны үеэр Өмнөд Солонгосын LIG Nex1 компанийн үйлдвэрлэсэн дунд тусгалын агаарын довтолгооноос хамгаалах Cheongung-II систем 90-ээс дээш хувийн амжилттай Ираны пуужин, нисгэгчгүй онгоцыг устгаж байгаа тухай Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) улсын эрх баригчид мэдээлжээ.

Үүнтэй холбоотой AНЭУ-ын тал уг системийн дараагийн нийлүүлэлтээ яаравчлах хүсэлтийг Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчид ирүүлсэн байна.

Саяхан АНЭУ-ын цэргийн нисэх онгоц дээрх системийн пуужинг тээвэрлэхээр Өмнөд Солонгост ирснийг албаны эх сурвалж мэдээлжээ.

“Солонгосын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгчид өрсөлдөхүйц үнэ, хурдтай нийлүүлэлтийг гол давуу талаа болгож байгаа бөгөөд энэ нь Европ болон Ойрх Дорнодын бусад орнуудад илүү олон гэрээ байгуулах найдварыг төрүүлж байна” гэж батлан хамгаалах яамны албан тушаалтан ярьжээ.

Энэхүү зах зээлийн эрэлт нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ч татаж эхэлсэн байна.

Өчигдөр буюу Пүрэв гарагийн байдлаар сүүлийн гурван сарын хугацаанд LIG Nex1 компанийн хувьцааны ханш 95 хувиар, Hanwha Aerospace компанийн хувьцааны ханш 170 гаруй хувиар өсжээ.

 

Эх сурвалж: Korea Times