Саппоро, Баруун дөрвөн зам зэрэг таван байршилд "сэкси" гэх тарифтай явган хүний замыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд нийслэл хотын Энхтайвны өргөн чөлөө, Их, Бага тойруу зэрэг томоохон гудамжны явган хүний замын 186,701 ам метр талбайн хавтанг байгалийн чулуун хавтангаар солихоор төлөвлөснөөс 70 мянган ам метр талбайг дуусгалгүй, үлдээсэн байдаг. Үүнийг нийслэлээс санал болгосон "сэкси" тариф аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татаж чадаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байсан удаатай.

Харин өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний замын хавтанг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв. Тодруулбал:

  1. Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 27 мянган ам метр талбай
  2. Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд, КТМС-ийн уулзвар өнгөрөөд Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын хойд талын 16,000 ам метр талбай
  3. Яармагийн гүүрний зүүн үзүүрээс “АПУ” ХК-ийн уулзвар хүртэл замын хойд талын 7,220 ам метр талбай
  4. “АПУ” ХК-ийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын баруун талын 6,364 ам метр талбай
  5. “АПУ” ХК-ийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын зүүн талын 5,672 ам метр талбайн явган хүний замын хавтанг шинэчилж байгаа аж.

Түүнчлэн дөрвөн байршлын шинэчлэлтийн ажлыг энэ сарын 15-20-ны хооронд эхлүүлэхээр төлөвлөжээ.

Харин үлдсэн гурван байршил дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа гэв.

Энэ тухай Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 54.2 км урт, 195 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулсан. Энэ хүрээнд холбоо мэдээллийн сувагчлал, гэрэлтүүлгийн цахилгааны кабель угсрах ажлыг цогцоор нь хийсэн юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны нэг байршлын ажлыг он дамжин хэрэгжүүлэхээр болсон. Учир нь Энхтайвны өргөн чөлөөний нэг багц ажлын гүйцэтгэгчийн хариуцлагагүй, удаашралтай байдлаас шалтгаалж тухайн байршлын гэрээг цуцалсан юм. Ийнхүү энэ онд тухайн багцыг гурван багц тендер болгон, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Гүйцэтгэгч нь шалгарсны дараа шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Өнгөрсөн онд хотын төвийн хэсгийн 70,000м.кв явган хүний замыг шинэчлэх ажлыг авсан ч сайн гүйцэтгэж чадаагүй Сант-Өндөр компанийн эрхийг цуцалсан билээ.

Улаанбаатар хотын явган хүний замыг тохижуулах ажил нь 2024-2026 онд үргэлжлэх бөгөөд нийт төсөвт өртөг нь ₮65.3 тэрбум. Үүнээс ₮40.5 тэрбумыг он дамжуулан буюу энэ оны санхүүжилтэд шилжүүлсэн байна. Үүн дээр нэмж, ₮10 тэрбумыг 2026 оны нийслэлийн төсөвт тусган, баталжээ. Мөн явган хүний замыг шинээр болон шинэчлэн засварлахад зарцуулахаар өнгөрсөн онд баталсан ₮3 тэрбумыг энэ оны төсөвт шилжүүлснээр нийт ₮78.3 тэрбумыг явган хүний замын хавтанг байгалийн чулуун болгох ажилд зарцуулах нь.

Улаанбаатар хотын явган хүний замыг чулуугаар шинэчлэх ажлын 2026 оны төсөв:

зураг
 
зураг
 

Улаанбаатар хотын явган хүний замыг чулуугаар шинэчлэх ажлын он дамжиж байгаа төсөв: 

зураг
 
зураг
 
зураг