Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 204 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээр төлөвлөснөөс 60 орчим хувь буюу 97 мянган ам.метр явган хүний замыг шинэчилж, 32 мянган ам.метр замыг хийх шаардлагагүй гэж дүгнэн төлөвлөгөөнөөс хасжээ. Үлдсэн 80 мянган ам.метр замыг дулааны улиралд буюу ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн шинэчлэх аж.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн мэдээлснээр Сүхбаатарын Энхтайвны өргөн чөлөө, Олимпын өргөн чөлөө, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их, Бага тойруу, Сүхбаатарын талбай орчим зэрэг байршилд явган хүний замын хавтанг байгалийн боржин чулуугаар шинэчилжээ.
Тэрбээр "Явган хүний замыг шинэчлэхдээ байгалийн боржин чулууг 6-12 микрометр хүртэл хэмжээгээр барзайлгах технологи ашигласан нь халтиргааг бууруулах ач холбогдолтой. Хуучин явган хүний замын чулуун гадаргуу нь 0-0.12 микрометр барзайлттай байсан. Энэ онд нийслэлийн Эрүүл мэндийн газрын статистикаар явган хүний халтиргаанаас үүдэлтэй гэмтэл, бэртлийн тоо 15 хувиар буурсан байна" гэж ярив.
Их, Бага тойруу болон Сүхбаатарын талбай орчмын явган хүний замыг шинэчилсэн “Цагаан толгой нуур” ХХК ажлаа 100 хувь хүлээлгэж өгсөн бол зарим байршилд кабель, дулааны шугам сүлжээ, үерийн байгууламж өргөтгөх асуудлаар явган зам шинэчлэлтийн ажилтай давхацсан учраас гүйцэтгэлийг ирэх онд дуусгахаар хойшлуулж муу гүйцэтгэлтэй компаниудын гэрээг цуцалжээ.
2026 оны төсөвт явган хүний замын чигжээс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтчийн стандартыг сайжруулах зэрэг ажлыг НИТХ-д танилцуулж, хэлэлцэж, цас цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүдийг сайжруулж, гар аргаар явган хүний замыг гэмтээхгүй байх шинэчлэлтүүдийг хийж байна гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!