Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 58.2 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа ч иргэдийн зүгээс эвдэрч гэмтээгүй хавтанг солилоо хэмээн шүүмжилсээр байна. Уг асуудалд албаны хүмүүс тайлбар өгөв.
Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай "Улаанбаатар хотын хэмжээнд 58.2 километр урт, 215,000 м.кв талбай бүхий явган хүний гол замуудын хавтанг чулуугаар сольж байгаа.
Тодруулбал Офицеруудын ордноос төв зам дагуу Сүхбаатарын талбай, Багшийн дээд, Андууд, 1, 10 дугаар хороолол, Саппоро, Таван шар хүртэлх авто замын урд, хойд талын явган хүний зам, Төрийн ордныг тойрсон, Их, Бага тойруу, Олимпын болон Их Монголын гудамжнаас Маршалын гүүр хүртэлх, Төв номын сан, Энхтайвны гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх гол гудамжнуудын явган хүний замыг чулуун хийцлэлээр сольж дуусна. Ингэснээр нийслэл хотын гол явган хүний замууд насжилт өндөртэй, бороотой үед халтиргаа багатай болно.
Өнөөдрийн байдлаар явган хүний замын хавтанг чулуугаар солих ажил 35%-ийн гүйцэтгэлтэй байна.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас явган хүний замын ажлыг гүйцэтгэж буй компаниудад өдөр бүр хяналт тавьж байгаа юм.
Явган хүний замын хавтанг чулуугаар солих ажил аравдугаар сард дуусах гэрээтэй.
Монголын чулуу үйлдвэрлэгчдийн холбоотойтой хамтарч явган хүний замд дотоодын чулууг ашиглаж байгаа юм. Зарим туслан гүйцэтгэгч компани өөр газраас чулуу авч буй асуудал бий.
Явган хүний замын хуучин хавтангуудыг дүүргүүдэд өгч туслах гудамж, замд шинээр явган хүний зам тавихад ашиглана" гэж тайлбарлалаа.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг "Улаанбаатар хотын гол гудамжнуудын явган хүний замыг нэг стандарттай болгох ажил үргэлжилж байна. Үүний зэрэгцээ холбоо мэдээллийн сувагчлал болон цахилгаан эрчим хүчний кабелийг шинэчлэх ажлыг цогцоор нь гүйцэтгэж байгаа юм. Ингэснээр агаарт татагдсан олон байгууллагын кабелийг шилжүүлнэ. Зарим байршилд цэвэр ус, дулааны шугамын шинэчлэл, борооны ус зайлуулах шугам хийгдсэний дараа явган хүний замыг байгалийн чулуугаар солих юм" хэмээн ярив.
Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган замыг шинэчлэх ажлыг “ТАСО” ХХК өөрийн үйлдвэрлэсэн чулуугаар тохижуулж байгаа талаар тус компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр “Ажил ерөнхийдөө 40 орчим хувьтай үргэлжилж байна. Манай компанийн чулууны орд Төв аймгийн Сэргэлэн суманд байрладаг. Бид 2021 оноос хойш хөгжүүлэлт хийгээд, олборлолт, суурилуулалтаа өөрсдөө хийгээд явж байна.
Сүүлийн жилүүдэд технологийн хөгжүүлэлт хийж, орчин үеийн техникээр шинэчлэлт хийсэн. Хоёр төрлийн аргаар чулууг үйлдвэрийн нөхцөлд барзайлгаж, халтирдаггүй болгож байна. Мөн техникийн шинэчлэл хийсний дүнд чулууг маш нарийн зүсэж, хоргодолгүй үйлдвэрлэл явуулж байгаа. Манай үйлдвэр өдөрт 400 ам метр чулуун хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай” гэлээ.
Энэ жил явган хүний замыг шинэчлэхэд нийслэлийн төсвөөс 32 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!