Сөүл хотын захиргаа нэг ам бүлтэй өрхүүдэд зориулсан “хань болох” үйлчилгээгээ өргөжүүлнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэлийн гурван хүн тутмын нэгээс илүү хэсэг нь ганцаараа амьдардаг гэсэн тоо баримт бий.

Тэд эмнэлэгт үзүүлэх, гэрээ нүүлгэх гэх мэт ажлын үеэр ганцаардаж, хүч хүрэлцэхгүй байх тохиолдол элбэг байдаг.

Харин Сөүл хот ийм хүмүүст зориулсан үйлчилгээтэй бөгөөд одоо үүнийгээ улам өргөжүүлэхээр болсон байна.

Ням гарагт тус хотын захиргаа дөрвөн жилийн өмнө эмнэлэгт үзүүлэхэд туслах зорилготой “хань болох” үйлчилгээ нээж байснаа айл нүүлгэлт, сэтгэл санааны дэмжлэг зэргээр өргөжүүлэх болсныг зарлажээ.

“Ганцаар амьдардаг Сөүлийн оршин суугч бүр энэ үйлчилгээг ашиглах боломжтой. Ганц бие өрхийн тоо нэмэгдэхийн хэрээр хүмүүс өдөр тутмын амьдралаа бэрхшээлгүйгээр зохицуулахад хэцүү болж байна” гэж хотын халамжийн бодлого хариуцсан захирал Юн Чон Чан мэдэгдсэн байна.

2024 оны байдлаар Өмнөд Солонгосын нийт өрхийн 36 орчим хувь нэг ам бүлтэй байжээ.

Ийм хүмүүсийн бараг тал хувь нь байнга, эсвэл хааяа ганцаардсан мэдрэмж төрдөг тухайгаа судалгаанд хариулсан нь улсын дундаж 38.2 хувиас нэлээд өндөр байна.

Тэгвэл ирэх сараас эхлэн Сөүлийн оршин суугчид зөвхөн эмнэлэгт үзүүлэхдээ төдийгүй бусад өдөр тутмын ажилдаа ч хань болох хүн хөлслөх боломжтой болох гэнэ.

Энэхүү үйлчилгээний цагийн үнэлгээ одоогийн 5,000 воноос 6,000 вон болж нэмэгдэх бөгөөд нэг хүний авах үйлчилгээний дээд хязгаар сард 10 удаа, жилд 200 цагаас хэтрэхгүй байхаар тогтоожээ.

Дунджаас доогуур орлоготой иргэд жил бүр 48 удаа үнэ төлбөргүй үйлчилгээ авах эрхтэй байх гэнэ.

2021 онд анх эхэлсэн эмнэлэгт үзүүлэхэд дагалдан явах үйлчилгээг иргэд 70,000 удаа ашиглаж, сэтгэл ханамж 90-ээс дээш хувьтай байжээ.

Айл нүүлгэлтэд туслах үйлчилгээнд эд хөрөнгө бүртгэх, хянах, хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх, орон байрны хэрэглээний төлбөр хураамжийг барагдуулах зэрэг ажлууд багтах юм байна. Гэхдээ ачаа баглах, задлах, тавилга зөөх зэрэг ажлууд багтах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Үүнээс гадна ганцаардсан иргэд сэтгэл санааны дэмжлэг авах зорилгоор ярилцах үйлчилгээ захиалж болох бөгөөд үйлчилгээ үзүүлэгч нь шаардлагатай бол цааш эрүүл мэндийн халамжийн төвүүдтэй холбож өгдөг байх гэнэ.

 

Эх сурвалж: Korea Times