УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хураан авч, ₮1.8 тэрбумын үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнд холбогдох 2501000320053 дугаартай эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, нийт 35 хавтас, 8319 хуудас бүхий хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Д.Тогтохсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 3, 22.1 дүгээр зүйлийн 3, 22.5 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс шалгасан.
Яллагдагч Д.Тогтохсүрэн нь 2016 онд улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэрээр Сүхбаатар дүүргийн I хороон дахь 84.49 мкв орон сууцыг 820,0 сая төгрөгөөр худалдан борлуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн, Хан-Уул дүүргийн XI хороон дахь 400 мкв байрыг хөнгөлөлттэй үнээр авч бусдаас их хэмжээний хахууль авсан, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдон ажиллах үедээ хууль бус үүрэг чиглэл өгч 6,600 тонн төмрийн хүдрийн хуурай баяжмалыг ачилт тээврийн дараалалд оруулалгүйгээр тээвэрлүүлж, БНХАУ-ын “Нh” компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон, “ХЕ” компанийн захирал Э-гээс бусдаар дамжуулан 100 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуулийн 250,000,000 төгрөгийг хураан авч, тамга, гар утас зэргийг эд мөрийн баримтаар тооцож, 1.8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт 74 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 53 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 88 лавлагаа болон арилжааны банкнаас 31 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ 2 шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
