"Төрийн өмчит орон сууцыг түрээслэх, түрээслээд өмчлөх нь халамж биш. Иймд иргэн татвараар баталгаажсан орлоготой байх ёстой"

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 47 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн өмчит орон сууцыг түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөлтэй сонгон шалгаруулалтын талаар Төрийн Орон сууцны корпорацын Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Энхбаатар дараах мэдээллийг өглөө. 

"Сонгон шалгаруулалтад өргөдөл авахгүй 100 хувь ХУР системийн мэдээлэл дээр үндэслэж эрэмбэлнэ"

Сонгон шалгаруулалт 100 хувь цахим системээр хийгдэх ба tosk.gov.mn сайтаар ороод төсөл хэрэгжиж байгаа нэгж буюу байршлаа сонгоно. Ямар бүлэгт хамаарч байгаагаа сонгоно. Регистр, утасны дугаараа оруулна. Үргэлжлүүлэн ХУР системээр дамжуулан ТОСК-ын систем иргэний мэдээллийг татаж авах юм байна. Уг мэдээллийг тодорхой журамд заагдсан хүрээнд эрэмбэлж гаргаж ирэх юм байна. 

Иргэнээс ямар ч тодорхойлолт нэхэхгүй буюу бүх мэдээллийг ХУР системд буй иргэний мэдээллээр дамжуулж авах аж. 

Иргэдийг 100 онооны системээр эрэмбэлэх бөгөөд өөрийн гэсэн орон сууцтай иргэнийг сонгон шалгаруулалтад оруулахгүй юм байна. Харин гэр хороололд амьдарч байгаа иргэдэд нэмэлт оноо өгч давуу байдал олгохоор тусгажээ. 

Албан байгууллагуудаас тодорхой квот өгөх тухай өргөдлүүд ирж байгаа ч шинэ системийг ашигласнаар ямар нэгэн байгууллагад давуу байдал олгох боломжгүй. Тухайн хүний эрэмбээр л шийдэгдэнэ гэв. Тэр тусмаа ахмадууд их өргөдөлтэй ирж байгаа өргөдлийг болон оочир дарааллын асуудлыг авч хэлэлцэхгүй гэв. Тухайн сонгон шалгаруулалтын үед зөвхөн оноогоор эрэмбэлэх аж. 

Тухайлбал олон хүүхэдтэй айлыг хамгийн бага хүүхдийнх нь насаар тооцох зэргээр эрэмбэлнэ гэв. Тодорхой хүмүүсийн оноо адил болж зэрэгцвэл ажлын хэсэг гарч тухайн хүний материалтай танилцаж хэнд нь давуу эрх олгохыг шийднэ гэв.  

"Солонго төслийн эхний ээлж наймдугаар сарын эхээр ашиглалтад орох тул сонгон шалгаруулалт 8, 9-р сараас эхэлнэ"

Одоогийн байдлаар ТОСК-д сул байр байхгүй ба Солонго төслийн эхний ээлжийн 2,042 байр энэ оны наймдугаар сарын эхээр ашиглалтад орох юм байна. Иймд наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр сонгон шалгаруулалтаа зарлах хүлээлттэй байгаа аж. 

Энэ бол халамжийн хөтөлбөр биш. Иргэдээ дэмжиж байгаа хөтөлбөр аж. Иймд иргэн орлоготой байх ёстой. Орлого нь татвараар баталгаажсан байх ёстой. Тодруулбал хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн орлого тодорхой бус байдаг. Төр таныг дэмжинэ гэхдээ та үүргээ биелүүлж татвараа төлдөг байх хэрэгтэй гэв. 

  • Түрээслэхэд гурван сарын түрээсийн барьцаа авах юм байна. 
  • Түрээслээд өмчлөхийн тулд нэг жилийн хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүйгээр түрээсэлсэн бол түрээслээд өмчлөхөд шилжүүлнэ. Мөн байрныхаа төлбөрийн 30 хувийг таван жилийн хугацаанд бүрдүүлэх үүрэгтэй юм байна.  Иймд нэгэнт тухайн байрыг өөрийнхөө өмчлөлд шилжүүлэх зорилготой бол тодорхой графикийн дагуу 30 хувиа бүрдүүлэх аж.