Олон хүний эсэргүүцлийн дараа Трамп өөрийгөө Есүстэй адилтгасан зургийг сошиал хуудаснаасаа устгав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө Есүс Христ болгон дүрсэлсэн зургийг сошиал хуудсандаа нийтэлсэн юм.

Хиймэл оюунаар үүсгэсэн энэ зураг Трамп эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа өвчтэй хүнийг эдгээж байгааг харуулжээ.

Гэвч энэхүү үйлдэл нь Трампыг шүүмжлэгчдийн төдийгүй өөрийнх нь дэмжигчдийг бухимдуулсан юм. Тиймээс Трамп энэ зургаа Даваа гарагт устгасан байна.

Тэрбээр Ираны эсрэг АНУ, Израилийн явуулж буй дайныг шүүмжилдэг Ромын католик шашны тэргүүн XIV Лео руу дайрч давшилсан урт мэдэгдлийнхээ дараахан энэ зургийг нийтэлж байжээ.

Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа уг зургийг нийтэлснээ хүлээн зөвшөөрсөн ч өөрийгөө эмч болгон дүрсэлсэн гэж тайлбарласан юм.

Гэхдээ зураг дээр цагаан нөмрөгтэй Трамп өвчтэй хүний духан дээр гэрэлтсэн гараа тавьсан байгаа нь Есүс Христийг дүрсэлдэг шашны зургуудтай тун төстэй байсан юм.

зураг
 

Трампыг тойрон хүрээлэгсдийн дотроос шашныхан түүний энэ үйлдлийг хамгийн их эсэргүүцэн шүүмжилсэн байв.

Тухайлбал АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан шашны цуврал арга хэмжээг зохион байгуулж буй Шон Фейхт “Үүнийг нэн даруй устгах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд ийм зүйлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэж хатуу мэдэгджээ.

Мөн Трампын дэмжигчдийн нэг, консерватив хөдөлгөөний идэвхтэн Райли Гэйнс “Бурхныг доромжлох хориотой” гэж сошиал хуудсандаа бичсэн байна.

“Энэ бол хэм хэмжээнээс хэтэрсэн, хил хязгаарыг давсан үйлдэл” гэж Христийн шашны телевизийн сүлжээний сэтгүүлч Дэвид Бродли бичжээ.

Зургийг нийтлэхээсээ хэдхэн цагийн өмнө Трамп эхлүүлсэн дайныг нь “утга учиргүй, хүнлэг бус хүчирхийлэл” гэж шүүмжилсэн Ромын папыг “гэм бурууг таслан зогсоох тал дээр сул дорой, гадаад бодлого мэддэггүй” гэх зэргээр шүүмжилж байв.

Даваа гарагт Трампын шүүмжлэлд хариу өгөхдөө пап “Би Трампын засаг захиргаанаас айхгүй, бурхны сайн мэдээг чанга дуугаар дамжуулахаасаа айхгүй, ингэх нь миний үүрэг” гэж мэдэгджээ.

Өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп шашны тэргүүнээс уучлал гуйхаас татгалзаад “Пап Лео миний Ираны эсрэг явуулж буй арга хэмжээний эсрэг байдаг. Гэхдээ тэр улс цөмийн зэвсэгтэй болох ёсгүй. Ингэвэл пап ч бас сэтгэл хангалуун байж чадахгүй гэж би бодож байна” гэж хэлсэн юм.

Трамп өмнө нь бас ерөнхийлөгч асан Барак Обама, түүний гэргий Мишель Обама нарыг сармагчин болгон хувиргасан видео дүрсийг сошиал хуудсандаа нийтэлж байсан юм.

Өөрийнх нь намын хэд хэдэн сенаторыг оролцуулаад олон хүн түүний энэ үйлдлийг хүчтэй шүүмжилсний дараа мөн бичлэгээ устгаж байв.

Цагаан ордны албан тушаалтан уг бичлэг хэн нэгний алдааны улмаас нийтлэгдсэн гэж сүүлд тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: BBC