Хотын дарга "бродюрууд өгөршөөд дууслаа, шинэчил" хэмээв
Нийслэл Улаанбаатар хотын авто замын бродюрыг жил бүр сольж, олон нийт шүүмжилсний эцэст 2025 оноос зөвхөн эвдэрч гэмтсэнийг солино, бродюрыг чанартай болгосон гэж хотын дарга хоёр жилийн өмнө амлаж байлаа.
Харин энэ жил авто замын эвдэрсэн бродюруудыг шинэчлэх талаар тэрбээр өчигдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны үеэр хөнджээ.
Хотын дарга Х.Нямбаатар "Бродюр муу байж болно. Том машинууд өсөрхөж, авто замын эргэлт, тойруу дээр бродюруудыг ямбийлгаад хаячихлаа. Бродюроос айгаад шинэчлэхээ больчихлоо. Зуслангийн болон Механик инженерийн сургуулийн авто зам дагуух бродюрууд өгөршөөд дууслаа, шинэчил.
Нэг хүн шүүмжлэхээс айгаад юманд хүрч чадахаа больчхож байгаа юм. Хэдэн нөхөд гарч ирээд лайв хийнэ биз, Одбаяр аа чи бид нар бродюр шинэчлэх үүрэгтэй, биелүүлэх хэрэгтэй" хэмээв.
32-ын тойргийн авто зогсоолын тухайд "Хотын төвийн газрыг их үнээр чөлөөлөөд талбай гаргасан нь том машинтай хүмүүсийг үнэгүй зогсоох талбай болоод байна.
32-ын тойрог орчмоор том машин зогсоохгүй, хойд талын чөлөөлсөн шороон болон асфальтан зам дээр очицгоо. Дарь-Эхийн орчимд том машин зогсоох талбай засаж байгаа" гэлээ.
Ийнхүү бродюрын "хэрүүл" дахин эхлэх нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
