АМНАТ-өөс орон нутагт үлдэх хувийг 1.5-2 дахин нэмэгдүүлж, зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлнэ гэв

А.Төгөлдөр, iKon.mn
47 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.04.13/-ийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн мэдээллийг сонсжээ. Хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулсан байна.

Иргэд байгалийн баялгаас тэгш, хүртээмжтэй байдлаар хэрхэн хүртэж болох асуултад Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хариулт өгч, тодорхой зүйл заалтаар тусгах ёстойг бүлгийн гишүүд хэлжээ. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар аймаг сумдад бүтээн байгуулалтын ажил явуулахад хүнд байгаа. Үүнээс болж сумын дарга нар хууль шүүхийн байгууллагад дуудагддаг байж болохгүй. Төр хүнээр ажил хийлгэж байгаа бол эрх зүйн орчныг нь тодорхой болгож өгөх ёстой гэдэг асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн геологийн судалгаа, хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй, ил тод олгох заалтыг шууд тусгах саналыг гишүүд хэлжээ.

Уул уурхайтай, ашигт малтмал олборлож байгаа орон нутагт АМНАТ илүү олгох зохицуулалт чухал гэдгийг гишүүд хэлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайд одоогийн хуулиар зохицуулна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутагт үлдэх хувийг 1.5-2 дахин нэмэгдүүлж, зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилтоор боловсруулсан гэдгийг ажлын хэсэг онцолсон байна.

Хуулийн төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 40 орчим хувийг өөрчлөхөөр боловсруулжээ.

 

Эх сурвалж: УИХ дахь МАН-ын бүлэг