"Нохой гэрт хүн урдаггүй" өгүүллэгийг Монгол хэл бичгийн шалгалтад оруулсан БҮТ-ийн тайлбар

Б.Бадамгарав, IKon.mn
2 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй хүн бүр Монгол хэл бичгийн шалгалт өгч, эх хэлний мэдлэгийн түвшинг тогтоолгох учиртай.

Шалгалтын босго 400 оноог авч чадахгүй бол их, дээд сургуульд орох боломжгүй болдог тул сурагчдын хувьд тун хариуцлагатай шалгалт нь байдаг. Гэвч өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан уг шалгалтын даалгавар ихээхэн шүүмжлэл дагууллаа. Ялангуяа даалгаварт өгөгдсөн "Нохой гэрт хүн урдаггүй" гэх өгүүллэгийн утга санаа нь сурагчдад тохироогүй хэмээгдэж буй. 

Үүнтэй холбоотойгоор шалгалтыг зохион байгуулагч Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс тайлбар мэдээлэл гаргасныг хүргэж байна.

Энэ удаагийн шалгалтад 10-12 дугаар ангийн нийт 90,000 орчим сурагч хамрагджээ.

Маргаан дагуулсан өгүүллэгийн талаар БҮТ-өөс "Түгжавын дүрийг нохойн дүртэй зэрэгцүүлэн бэлгэдэлт маягаар үзүүлсэн, морийг нь боргох төдийд их л сандран малгайгаа өмсөж хүнийрхүү байдлаар цомцойн сууж байгаа Түгжав нь гэрээс сүүлээ хавчин гарч буй нохой шиг л юм гэдгийг харуулсан бөгөөд үүнийг зөвөөр ухаарах нь амьдралд хөл тавьж буй хэн бүхэнд сургамжтай агаад өөрөө өөртөө эзэн байж, амьдралд өөрийн байх ёстой газраа байх ёстой цагтаа байж гэмээнэ сая тэр өөрийн гэр бүл, амьдрал, ажил, нийгэм хамт олон цаашлаад улс орон, эх дэлхийнхээ эзэн нь байх юм гэдгийг сануулсан утга бүхий зохиол юм" гэжээ.

Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ асуудлаар "Монгол хэлний шалгалтын агуулга маш их шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик, согтуу хүнийг сурталчилсан. Би ажлын хэсэг гаргасан. Элсэлтийн Шалгалт, Улсын шалгалт, монгол хэлний шалгалтын агуулгыг сайжруулах шаардлага байна" гэв.

зураг