НАТО-ийн холбоотнууд Ормузын хоолойг хаах Трампын ажиллагаанд оролцохоос татгалзав
Ираны боомтуудын чиглэлд зорчих ачаа тээврийн хөлгүүдийг Ормузын хоолойгоор нэвтрүүлэхгүй байх АНУ-ын тэнгисийн хүчний ажиллагаа Даваа гарагт эхэлсэн.
НАТО-ийн холбоотнууд уг ажиллагаанд оролцохгүйгээ илэрхийлсэн нь ерөнхийлөгч Дональд Трампыг дахин бухимдуулжээ.
Зургаан долоо хоног үргэлжилж буй Ойрх Дорнодын дайныг зогсоох асуудлаар АНУ, Ираны төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Пакистаны нийслэлд олон цагийн турш хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй юм.
Үүний дараа Трамп дээрх ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг зарлаж байв.
“Бүслэлт удахгүй эхэлнэ. Бусад улс орнууд энэ ажиллагаанд оролцох болно” гэж тэр Ням гарагт мэдэгдсэн юм.
Гэвч Их Британи, Франц зэрэг НАТО-ийн холбоотнууд үүнд оролцохоос татгалзаж, оронд нь дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн тавны нэг дамжин өнгөрдөг Ормузын хоолойг нээх санаачилга дээр хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Өмнө нь Ормузын хоолойг Ираны хяналтаас чөлөөлөх байлдааны ажиллагаанд АНУ-ыг дэмжиж оролцохоос дээрх улсууд мөн л татгалзаж байсан юм. Тухайн үед Трамп үүнд маш их бухимдаж, НАТО-оос АНУ-ыг гаргах талаар нухацтай бодож байгаагаа мэдэгдэж байлаа.
Их Британийн ерөнхий сайд Кир Стармер өчигдөр BBC сувагт өгсөн ярилцлагадаа “Бид энэ бүслэлтийг дэмжихгүй. Миний шийдвэр анхнаасаа маш тодорхой байсан бөгөөд ямар ч дарамт шахалт ирсэн бид энэ дайнд татагдан орохгүй” гэж хэлжээ.
НАТО-ийн гишүүн 32 орон зөвхөн АНУ, Ираны хооронд дайн зогссон цагт Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах ажиллагаанд оролцох боломжтойг тус байгууллагын нарийн бичгийн дарга Марк Рутте өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв.
Даваа гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ зорилгод нэгдэх орнуудын уулзалтыг Их Британитай хамтран зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр сошиал хуудсаараа мэдэгджээ.
“Дайтагч талуудаас ялгаатай, зөвхөн хамгаалалтын зорилготой энэхүү ажиллагааг нөхцөл байдал бүрдмэгц нэн даруй хэрэгжүүлнэ” гэж Макрон бичсэн байна.
Энэ долоо хоногийн сүүлээр Парис, Лондон хотуудын аль нэгэнд зохион байгуулагдах хуралд Персийн булангийн орнууд, Энэтхэг, Грек, Испани , Итали, Нидерланд, Шведийн төлөөлөгчид оролцохыг дипломат эх сурвалж мэдээлжээ.
Уг ажиллагаа хэрэгжвэл АНУ, Ираны талуудад урьдчилж мэдэгдэх ч тэднийг шууд оролцуулахгүй байхаар төлөвлөсөн гэнэ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
