“Зарим хайр цаг хугацаанд үлддэг, зарим нь цаг хугацааг давдаг... Харин хавар болохоор хоёулаа нэгэн зэрэг сэргэдэг”
Цас бударсан намуухан үдэш Соёлын төв өргөөний гадна хүн бүр хайртай дотны хүмүүстэйгээ инээмсэглэн хуучилж зогсоно. Тэд “Намайг дагуулаад яваач” жүжгийг үзэхээр хүлээж байгаагаа нэгэндээ ярьж, чи намайг хаашаа дагуулж явах юм хэмээн хөгжилдөж, удаан уулзаагүй нь халуун тэврэлтээр нэгнийгээ угтаад л ёстой л бум бужигнаж байлаа.
Төд удалгүй жүжгийн цаг эхэллээ хэмээн зарлаж, бүгд танхимд суун тасралтгүй алга ташиж, хөшиг нээгдэн жүжиг эхэллээ. Хүн бүр чимээгүй суун жүжгээ шимтэн үзлээ...
Жүжиг эхлэхдээ галт тэрэгний буудал дээр нэгэн эмгэн цас шүүрдэн өнгөрснийг дурсан зогсох нь яг л энэ үдшийн цас хаясан өдөр мэт санагдаж би өөрөө жүжгэн дунд амьдарч буй мэт мэдрэмж төрүүлнэ.
Энэхүү жүжгийн гол зангилаа нь 17 жилийн дараа дахин уулзсан хос хоёрын романс. 19-хөн настай биесээ харж, дурлаж догдлон явсан тэднийг цаг хугацаа өөр өөр замаар хөтөлж, гомдол, гуниг, дурсамж, бас өөр өөрийнхөөрөө “бүтээсэн” амьдралтай болгожээ. Гэвч хувь тавилан тэднийг дахин уулзуулж, өнгөрсөн хайр сэтгэл үнэхээр дууссан уу эсвэл зүгээр л дарагдсан байсныг асуужээ.
Жүжгийн туршид үзэгч бид зөвхөн тэдний яриаг сонсохгүй, харин сэтгэлийнх нь дотоод тэмцлийг мэдэрнэ. Өнгөрсөнд үлдсэн гомдол үнэхээр мартагддаг уу? Хүний амьдралд “зөв сонголт” гэж байдаг уу эсвэл тухайн мөчид хийсэн сонголтоо л зөв болгох хэрэгтэй юу? Тэд өөрсдийн босгосон, дассан амьдралаа сонгох уу эсвэл зүрх сэтгэлээ дагаж, бие биеэ сонгох уу гэдэг асуулт жүжгийн туршид үзэгчдэд ч мөн адил тулгарна.
“Таван үдэш” бол зөвхөн хайрын тухай жүжиг биш. Энэ бол цаг хугацаа, алдаа, уучлал, хүний дотоод үнэнтэй нүүр тулах тухай бүтээл. Жүжгийн яриа энгийн мэт боловч үг бүрийн цаана амьдралын хүнд жин, хэлж амжаагүй олон мэдрэмж нуугдаж байдаг нь онцгой. Тиймдээ ч үзэгч бүр өөрийн амьдралтай холбон бодож, өөр өөрийн “хариулт”-ыг дотроо хайж буй биз.
Миний хувьд “Донна” Фильмий анхны уран бүтээл Александр Володины “Таван үдэш” зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Намайг дагуулаад яваач" гэх энэхүү жүжгийг үзээд танхимаас гарахдаа өөрийнхөө амьдралын зарим мөчийг дахин эргэцүүлж, гүн бодолд автаж гарсан бол бусад үзэгчдэд ямар сэтгэгдэл үлдсэнийг тодруулахаар танхимаас гарах төв хаалга дээр хүлээлээ.
Хамгийн эхэнд Хийлч Дээгий найз Туулын хамт хүрэлцэн ирснийг олж харан жүжгийн сэтгэгдлийг асуухад: “Сайхан жүжгийг найзтайгаа хамт үзлээ. Жүжиг гэдэг бол урлаг урлагийн дотроос хамгийн амьд үзэгчидтэй амьд харилцаа үүсгэж чаддаг нэг тийм гоё нэг тийм сүнслэг гоё байдаг. Яг үнэхээр саяны жүжиг бол оросын мундаг зохиол тэгээд дээрээс нь гадагшаа гэхээс илүү дотогшоогоо харсан мэдрүүлсэн тавилт бол их зэвүүн байлаа гэж бодож байлаа. Жүжигчид үнэхээр гоё байлаа. Залуу жүжигчин Энэрэл ямар хөөрхөн байсан бэ ?
Ойрд сонгодог жүжиг үзээгүй ер нь бол үнэрээр гоё байлаа. Хайр ямар агуу вэ гэдгийг харуулсан тийм гоё жүжиг байна аа. Ер нь бол байнга сошиал гэж явдаг болсон бид нар сонгодог урлаг драмын жүжиг рүү эргээд орох ямар гоё агуу сайхан байв. Яг тийм гоё амттай мөчийг өнөөдөр авч чадлаа. Баярлалаа. Хамгийн хамгийн дотны хүмүүс нь үзэж байгаа анхны нээлтийн өдөр байгаа учраас сэтгэл догдлуулсан сайхан үдэш байлаа. Энэхүү бүтээлийг үнэхээр сонирхож хамгийн хайртай хүнтэйгээ ирж үзээрэй гэж хэлмээр байна хэмээн маш өндөр сэтгэгдэлтэй байгаагаа хуваалцлаа.
Ингээд цааш алхвал Фантастиĸ продакшны жүжигчин Ганчулуун:
“Намайг дагуулаад яваач драмын жүжиг үзээд гарч ирлээ. Сэтгэгдэл үнэхээр гоё байна. Үнэхээр гоё жүжиг байна. Драмын жүжиг бол үзэгчидтэйгээ амьд харилцдаг хамгийн гоё уран бүтээлүүдтэй. Намайг дагуулаад яваач жүжгийн хувьд бол надад бас үнэхээр их таалагдаад байна. Хүний амьдралд бол мартаж болохгүй цаг үе мартаж болохгүй хүн байдаг. Тэр тухай өгүүлсэн үнэхээр гоё жүжиг байна аа тэгээд жүжигчин Одноо, Бараа ах, Алдар, Амарзаяа эгч Энэрэл гээд бүгдэд нь баяр хүргэмээр байна.
Тусгайлан Бараа ах болон Одноодоо баяр хүргэе үнэхээр гоё тоглосон байна аа. Та бүхнийг энэ жүжгийг ирж үзээсэй гэж хүсэж байна. Цаашид сэтгэгдлээ илэрхийлсэн олон хүн хайрын олон төрөл байдаг тэрний нэг тийм хөндөгдөөгүй сэдэв, олон жилийн хүлээсэн тэр мөчийг харуулахыг зорьсон нь сайхан санагдсан тухайгаа хэллээ. Бас жүжигчин Энэрэл бол Gangbay хамтлагийн дуучин Баянаа нарын дүрийн хошин хөгжилтэй байдлыг дуу нэгтэй магтаж байв.
Үнэхээр драм төрлийн жүжгийн төрөл дотроо маш хөгжилтэй, энгийн үг хэллэгээр үзэгчдийг уйдаахааргүй дэглэсэн нь гайхалтай байсан. Гэхдээ бүхэлдээ хөнгөн хийсвэр биш бөгөөд бодол хөвөрдсөн гүн утга агуулсан энэхүү жүжиг өмнө шууд санаагаа дэлгэхгүй. Харин асуулт үлдээнэ. Магадгүй та өөрийнхөө өнгөрсөн, алдсан боломж эсвэл одоогийн сонголтоо дахин нэг харахад хүрэх байх.
Та тэндээс зөвхөн театрын урлагийн гоо сайхныг мэдрэх гэж биш харин өөрийгөө ойлгох, сэтгэлээ сонсох, магадгүй эргэлзэж байсан асуултдаа хариулт олохыг таашгүй...Тиймээс “Таван үдэш” буюу "Намайг дагуулаад яваач жүжиг бол заавал үзэх ёстой жүжиг шүү.
Соёлын төв өргөө
04 сарын 12-оос эхлэн өдөр бүр
19:00 цагт
Тасалбар: ticket.mn/event/2994-ээр худалдаалагдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
