Ц.Халиун: Монгол Улсад бизнес, хувийн хэвшил хөгжих ямар ч хууль эрх зүйн тогтолцоо алга

М.Мөнхцэцэг, Өдрийн сонин
2 цаг 13 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

“Монцемент” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиунтай ярилцлаа.


-Ерөнхий сайд танхимаа бүрдүүлсэн даруйдаа аж ахуйн нэгжүүдийн дансыг нээлээ гэж сүрхий мэдэгдсэн. Танай дансыг нээв үү?

-Манай данс одоогоор нээгдээгүй байгаа. Гэтэл хоёр хоногийн өмнө буюу лхагва гарагийн 17:38 цагт Гаалийн байгууллагаас “Нэг сарын хугацаанд нээе” гэсэн албан бичиг ирсэн. Энэ хугацаанд та бүхэн бүх төлбөр тооцоогоо барагдуул гэж байгаа юм. Дааж давшгүй дарамт, шахалт гэж үзэж байна.

Энэ бол хууль хэрэгжилтийн маргаан буюу Монцемент цогц үйлдвэрийн төслийн хэрэгжих явцад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1 дүгээр заалт Барилгын материалын үйлдвэр барих тохиолдолд импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно гэсэн нь хэрэгжихгүй байсаар өдгөө 11 дэх жилтэйгээ золгож байна. Уг хуулийн дагуу бол импортоор оруулж ирсэн тоног төхөөрөмж маань Гаалийн татвар болон НӨАТ дээр татварын дэмжлэг олгогдохоор зохицуулагдсан боловч бодит байдал дээр ялгавартай хэрэгждэг байдал бий.

-Ерөнхий сайдад хүсэлтээ илгээсэн үү?

-Бид Ерөнхий сайдад хүсэлтээ өгөхөөр бэлдэж байна. Шинэ Засгийн газар энэхүү үүссэн асуудлыг анхааралдаа аваасай. Хууль хоорондын уялдаагүй байдлаас болж аж ахуйн нэгжүүдэд тохиолдож байгаа асуудал. Олон хөрөнгө оруулагч энэ хууль амьдрал дээр хэрэгждэггүйгээс үүдэн Монголыг орхиж байгаа шүү дээ.

-Ингэхэд танай дансыг яг ямар үндэслэлээр хаасан юм бэ?

-Манай данснуудыг 2024 оны 9 дүгээр сараас хойш хаагаад зогсохгүй дотор нь байсан мөнгөн хөрөнгийг албадан татсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулиараа бол чөлөөлөгдөх ёстой татвар төдийгүй энэ асуудлыг 2018 оны 10 дугаар сард Засгийн газрын гишүүд "Монцемент" үйлдвэр дээр ажиллах үед дэлгэрэнгүй танилцуулж, улмаар Засгийн газрын тэмдэглэлээр Барилга хот байгуулалтын сайдад судлан шийдвэрлүүлэхийг даалгасан байдаг.

Гэвч ямар ч шийдэлд хүрээгүй. Ингээд бид Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн зүйл заалт хэрэгжихгүй байна гэдэг асуудлаар захиргааны хэргийн гурван шатны шүүхээр явсан. Улсын дээд шүүхийн 2022 оны дөрөвдүгээр сарын 25-нд гарсан шийдвэрээр “Барилга, хот байгуулалтын сайд эс үйлдэл гаргасан байна. Үүнийг яам өөрөө судлаад Засгийн газартаа оруулаад шийдвэрлэхийг даалгаж байна” гэсэн. УДШ-ээс гарсан энэхүү шийдвэр одоо хүртэл шийдвэр гүйцэтгэлийнхээ шатанд явж байгаа. Гаалийн бүх шатны байгууллагад тайлбар, процессоо удаа дараа тайлбарлаж хүсэлт гаргасаар ирсэн ч дансыг маань бусад нөхцөл байдлыг үл харгалзан хаасан.

-Танай зүгээс тэр төлбөр тооцоог одоо хүртэл барагдуулаагүй шалтгааныг тодруулахгүй юу?

-Данс нээлээ гэсэн мэдэгдлийн хамт шууд үлдэгдэл төлбөр тооцоогоо одоо төл гэсэн санаа бүхий мэдэгдэл ирсэн. Хуулийн дагуу бол энэ чөлөөлөгдөх ёстой байсан татвар. Хууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, алдаа байвал засах нь төрийн хийх үндсэн ажил нь болов уу. Яалт ч үгүй төрийн дарамт шахалт байнга байхаар үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаа явуулахад өдөр тутамдаа л сорилттой байна даа.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 дахь заалтын дагуу авах ёстой байсан татварын дэмжлэг яг юу байв. Яагаад хэрэгжээгүй юм бол?

-Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин 2013-2016 онд хүнд цаг үеийг туулсан. Тухайн үед гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг эрх тэгш дэмжье гээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аар соёрхон баталж байсан шүү дээ.

Энэ хуульд заасан хамгийн гол зүйл заалт нь татвар тогтворжихоос гадна барилгын материал, хөдөө аж ахуй, газрын тос гээд үндсэн гуравхан чиглэлд үйлдвэрлэл барьсан тохиолдолд импортоор авч байгаа тоног төхөөрөмжүүдийг нь гаалийн татвараас чөлөөлж, НӨАТ-ыг тэг хувь хүртэл ногдуулна гэж байгаа. Хуулийн энэ зохицуулалт үндэсний үйлдвэрлэгч, бизнесийнхэнд маш том бодлогын дэмжлэг болж байв. “Монцемент” төслийн хувьд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Тус банкны хувьд ч гэсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээрх зүйл заалт хэрэгжинэ гэдэг итгэл, хүлээлттэй байлаа.

Гэтэл өнөөдрийг хүртэл энэ хууль хэрэгжээгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт, бусад хуультайгаа уялдаа холбоогоо хангаж чадаагүй юм билээ. Хоёрдугаарт, хэрэгжих боломжгүй гэдэг хариултуудыг Сангийн яам, Гаалийн ерөнхий газар гээд бүх шатны төрийн байгуулалтуудаас авч байсан.

Бид энэ хуулиа хэрэгжүүлж өгөөч, хуулийн хэрэгжилт шударга бус байна гэдгийг өнгөрсөн 11 жилийн турш ярьж хэлсээр ирснийг та бүхэн мэдэх байх. Яагаад гэвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т заасны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд бол технологийн бус тоног төхөөрөмжийг ч гэсэн энэ хуулийн хүрээнд хөнгөлж чөлөөлөөд явж байгаа. Бид судалгаа хийгээд үзэхээр 2014 оноос хойш 40 гаруй төсөл дээр нэг удаагийн хууль гаргах замаар тоног төхөөрөмжүүдийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байна. Энэ асуудлыг үе, үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн. Манай гүйцэтгэх засаглалын дундаж наслалт хоёр жил гэж тооцоод үзэхээр зургаан Засгийн газрын нүүр үзлээ.

-Өмнө танайд данс хаах мэдэгдэл 14 удаа ирсэн гэл үү. Энэ нь ямар шалтгаантай байсан бэ?

-УДШ-ийн тогтоол Засгийн газрын хуралдаанаар шийдэгдээгүй өнгөрсөн 11 жилийн хугацаанд бидэнд олон дарамт ирсэн. Үүний нэг нь байгууллагаас 14 удаагийн данс хаах мэдэгдэл ирж байв. Данс хаана гэдэг чинь бид ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, бэлтгэн нийлүүлэгчдээ төлбөр тооцоогоо хийж чадахгүй, зээл төлбөрөө төлж чадахгүй байдалд орно гэдэг үндсэндээ үйл ажиллагаа зогсоно л гэсэн үг. Дээрээс нь хоёр удаа данснаас огт мэдэгдэлгүй мөнгө татсан асуудал ч бий.

-Танай данснаас яагаад хоёр удаа зөвшөөрөлгүй мөнгө татагдсан юм бэ?

-Манай байгууллагын арилжааны банкинд байгаа данснуудаас бидэнд мэдэгдэлгүйгээр шууд 526.4 сая төгрөгийн албадан таталт хийсэн л дээ. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл явагдаад байна гэж ойлгож байгаа. Гэтэл гаалийн байгууллага 2024 оны есдүгээр сард “Хас” болон “Төрийн банк” дахь данснуудыг хаасан. Ингэхдээ дээрх дүнгээс 300 гаруй сая төгрөгийг нь татсан. Бидний хувьд шүүхийн шийдвэр Засгийн газраар хэлэлцэгдээд энэ асуудал нэг талдаа гарна гэсэн хүлээлттэй байгаа. Гэтэл нөгөө талд гааль нь шууд дарамт үзүүлээд үйл ажиллагаа тасалдуулах арга хэмжээ аваад байдаг.

-НӨАТ-ын илүү төлөлтийг суутган тооцуулах үйл явц яагаад хоёр жил гаруй үргэлжилсэн юм бэ?

-Гаалийн байгууллагаас байнга данс хааж, дарамт учруулсаар ирсэн. Манайх улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг. Өвөл ихэнх худалдан авалтуудаа хийдэг. Үүнд НӨАТ илүү төлөгдөөд явж байдаг. Илүү төлсөн НӨАТ-аа баталгаажуулаад энэ төрлийн НӨАТ-тай холбоотой хэсгээс нь суутгуулаад явъя гэдэг гаргалгааг өөрсдөө олж байгаа юм л даа. Тэгэнгүүт НӨАТ-аа баталгаажуулъя гэхээр хоёр жил болж байлаа. Дээр нь Татварын ерөнхий газрын иж бүрэн шалгалтад ороод баталгаажтал бас хугацаа орно. Дээр нь гаалийн байгууллагаас систем хөгжүүлэх ёстой гээд процесс удаан яваад хоёр жилийн дараа энэ төрлийн татвартаа суутгуулж үзсэн. Одоо үлдэгдлээ нэг сарын хугацаанд төл гэж тулгаж байна. Энэ хугацаанд бидэнд шүүхийн шийдвэр биелээсэй гэдэг гаргалгаа л үлдэх шив дээ.

-Шүүхийн шийдвэр юу гэсэн хариу өгсөн бэ?

-Бид шүүхийн шийдвэрээс асуудлаа тодруулахаар Барилга, хот байгуулалтын сайдад албан бичиг өгсөн. Барилгын сайд цааш нь тэр бичгээ Сангийн сайдад уламжилдаг юм билээ. Барилга хот байгуулалтын сайд удаа дараа дэмжээд байдаг, харин Сангийн сайд дэмждэггүй. Ингээд тениссний бөмбөг шидэж байгаа юм шиг хоёр талд яваад байдаг. Энд аж ахуйн нэгж л хохирч байна. Энэ бол зөвхөн манай компанийн асуудал биш. Ил гарсан нь бид болохоос ганц компанийн асуудал гэж харахаасаа илүүтэйгээр бодлогын хэрэгжилт, уялдаа холбоо, хууль тэгш зарчимтай хэрэгжих тэр нөхцөлийг бүрдүүлэх нь төр засгийн л ажил шүү дээ.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гаалийн татвар, тарифын татварт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийднэ гэж байсан. Хохирсон аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох асуудал туссан болов уу?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гаалийн татвар, тарифын татварын нэмэлт өөрчлөлт оруулна гэж байгаа боловч нэгэнт маш их хохирсон аж ахуйн нэгжүүдийн асуудал орхигдоод өнгөрөх гэж байгаад харамсалтай байна. Саяхан МҮХАҮТ-ын судалгаанд бизнесийн итгэлцлийн индекс -0.15 нэгжтэй гарсан нь маш доогуур үзүүлэлт. Хөрөнгө оруулагчдын итгэл -29 хувьтай гарсан байх жишээтэй. Ерөөсөө Монгол Улсад бизнес, хувийн хэвшил хөгжих ямар ч хууль эрх зүйн тогтолцоо алга. Бидний хувьд үнэхээр зарим нь туйлдаж байна. Бас 2024 онд манай дээр Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар АТГ-аас шалгалт орж байсан.

Авсан зээлээ 100 тэрбумын ханшийн алдагдалтай нь хамт 2023 онд төлөөд дууссан байхад бүтэн 10 жилийн дараа үндэслэлгүйгээр шалгалт явуулаад манай бүх үйл ажиллагааг бүтэн жил зогсоосон. Улмаар данснуудыг маань хаагаад зогсохгүй маш олон дарамтууд үзүүлж бид эрүүл мэнд, мөнгө санхүү гээд байж болох бүх хохирлыг амссан. Төр ийм маягаар аж ахуйн нэгжүүдийг өчнөөн тэрбум төгрөгийн алдагдалд оруулчхаад ямар ч хариуцлага хүлээдэггүй. Дээрээс нь нэр төрд нь халдчихаад огт залруулга хийдэггүй. Ийм шударга бус байж болохгүй гэдэг асуудлыг манай хамт олны зүгээс тавьж байгаа. Шударга бусын тогтолцооноос одоо л гарахгүй юм бол ирээдүйд Монгол Улсад юун үндэсний үйлдвэрлэл хөгжих вэ.

-“Монцемент” төслийн хэмжээнд үйлдвэрлэл тасалдах эрсдэл бий юу?

Ер нь үйлдвэрлэлд тасралтгүй процесс байдаг. Ингэж байж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Энэ бол ганцхан цемент үйлдвэрлээд зогсохгүй том нийлүүлэлтийн сүлжээ. Цаана нь манай эцсийн хэрэглэгчид байна. Үндэсний үйлдвэрлэлийг дагаж эдийн засаг хөгждөг. Ханган нийлүүлэгчийн хувьд чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэрлэл дагаад хөгждөг.

Манайхыг дагасан 200-гаад жижиг, дунд үйлдвэрлэгч, бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчид байна. Бид Дорноговийн Өргөн суманд үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд орон нутгийнхаа харилцагчдыг дэмждэг. Тэр утгаараа дэлгүүрээс эхэлсэн айл өнөөдөр манай хүнсний ихэнх бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг ханган нийлүүлэгч том компани болчихсон байх жишээтэй. Ингээд үндэсний үйлдвэрлэгчийг дагаад бүгд гинжин хэлхээнд орчихсон байгаа биз дээ. Ханган нийлүүлэгчид нь хамтдаа хөгжөөд, эцсийн хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүн авч байгаа. Том зургаараа барилгын насжилт уртсаж, бүтээн байгуулалт олон жилийн насжилттай байх үнэ цэнийг бид авчирч байгаа юм. Хэрвээ үйл ажиллагаанд энэ мэт сөрөг нөлөө үзүүлээд байвал хүндрэлтэй л нөхцөлд орох нь тодорхой шүү дээ.

-Төр татварын орчныг сайжруулна гэсэн. Энэ нь бизнесийнхэнд бодит дэмжлэг болж чадах уу?

-Татварын багц хуулийг сая буцаагаад татчих шиг боллоо. Энэ хуулиар 2.7 их наядын хөнгөлөлтийг аж ахуйн нэгжүүдэд үзүүлнэ гэж байсан. 2.7 их наядын ихэнх нь иргэд рүү чиглэсэн. Аж ахуйн нэгжид ирж буй бодит бодлогын шийдэл хомс.Татварын бодлогыг цогцоор нь харж, судалгаатай үзэх ёстой. Дээр нь татварын багц хуулиар сэргээгдэх эрчим хүчний тоног, төхөөрөмжүүдийн гааль, НӨАТ-ыг чөлөөлдөг байсныг болиулж байгаа юм билээ. Үүний логикийг ойлгохгүй байна. Энэ төрлийн төслийг сонирхож хөрөнгө оруулалт татаж байгаа бизнесийнхэнд бас л дарамт болж ирэх нь байна.

Үнэн хэрэгтээ Н.Учрал сайдын эхлүүлсэн “Чөлөөлье” гэдэг акцийн эсрэг хууль явж байна гэсэн үг. Хувийн хэвшлээ дэмжиж байгаа юм бол бизнесийнхнээс судалгаа авах хэрэгтэй байна. Улс суурьтай шинэчлэл хийхгүй бол зүгээр нэг цаас үйлдвэрлээд байхаар тэр хууль чинь хөрсөн дээрээ буухгүй байна. Төр иргэдээ дэмжинэ гэдэг. Энэ бол зөв. Гэхдээ иргэд чинь хувийн хэвшилд ажилладаг юм. Хувийн хэвшлийн дарамт шахалт, татварын ачаалал багасаж байж бид цалингаа нэмэх бололцоо үүснэ. Ажилчдын цалин нэмэгдэж байж амьдралын түвшин сайжирна. Дундаж давхарга тэлж, хүчтэй болсноор нийгэм хөгжинө. Ийм энгийн логикийг нийтээрээ ойлгож, төр засаг хөдлөх ёстой.

 

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин