Хоккейн ертөнцийн "Орос Ямаа"-д гэртээ хийсэн улирлын сүүлийн тоглолтод хүндэтгэл үзүүллээ
Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-т нэгэн үе Канадын Сидней Кросби, Оросын Алекс Овечкиний тулааныг үзэх гэж хоккей сонирхогчид ордныг зорьдог байв.
2005 оноос хойш 21 жилийн хугацаанд мөсөн дээрх өрсөлдөөнийг мэдрүүлсэн хоёр эрхмийн сүүлчийн гэж болохуйц дуэль өнөөдөр болов.
Хэдийгээр албан ёсоор зарлаагүй боловч өдгөө 40 настай (ирэх есдүгээр сард 41 хүрнэ) орос эрийг энэ улирлын дараа өмсгөлөө хананд өлгөнө гэсэн хүлээлт их буй. Тэд өнөөдөр заналт өрсөлдөгч Сидней Кросби тэргүүтэй "Питсбург Пенгуинс"-ыг талбайдаа хүлээн авсан юм.
Нийслэлийн багийн хувьд гэртээ хийж буй улирлын сүүлийн тоглолт тул орос эрд хүндэтгэл үзүүлжээ.
Ирэх наймдугаар сард 39 нас хүрэх С.Кросби 2005 оны драфтын №1-ээр "Питсбург"-т очиж байв. Харин түүнээс жилийн өмнө "Вашингтон" баг драфтын №1-ээр Алекс Овечкинийг сонгосон. Түүнээс хойш энэ хоёр эрхэм улирлын 74 тоглолтод өрсөлдөхдөө Кросби 97, Овечкин 70 оноо авч байв.
Мөн хасагдах шатанд 25 тоглолтод хоорондоо тулахад Ови 33, Сид 30 оноо авчээ.
Улирлын сүүлийн тулаанд хоорондоо тулахад "Нийслэлийнхэн" өрсөлдөгчөө 3:0-ээр илүүрхсэн. Энэ тоглолтод Ови нэг гоолын дамжуулалт өгчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
