АНУ ногоон карт хүсэгч гадаадын иргэдийг албадан нутаг буцаахаар болов
АНУ-д байнга оршин суух өргөдөл гаргасан гадаадын иргэд ногоон карт авахын тулд эх орондоо буцахаар болж буйг Трампын засаг захиргаа Баасан гарагт зарлажээ.
“Одоогоос эхлэн АНУ-д түр хугацаагаар оршин сууж, ногоон карт авахыг хүссэн гадаадын иргэд онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд эх орондоо буцаж, тэндээсээ өргөдөл гаргах ёстой болж байна” гэж АНУ-ын Иргэний Харьяалал, Цагаачлалын Албаны хэвлэлийн төлөөлөгч Зак Калер мэдэгдсэн байна.
Тэрбээр “энэхүү бодлого нь манай цагаачлалын системийн цоорхойг ашиглахын оронд хуулийн дагуу ажиллах боломжийг олгох болно” гэж хэлжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ бодлогын өөрчлөлт нь жил бүр олон зуун мянган хүний амьдралд нөлөөлж, хууль ёсны дагуу АНУ-д цагаачлах боломжийг улам бууруулах төлөвтэй байна.
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа орогнол хүсэгчдээс эхлээд оюутан, өндөр ур чадвартай ажиллах хүчин хүртэл бүх төрлийн цагаачлалын визийн бодлогыг чангатгаад байгаа.
АНУ жилд ойролцоогоор нэг сая ногоон карт олгодог боловч үүний тал орчим нь Америкийн иргэний гадаад төрөл садан байдаг гэдэг.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
