Путин оюутнуудын дотуур байранд халдсан хэрэгт Украиныг буруутгаж, хариу арга хэмжээ авахаа амлалаа
Оюутны дотуур байранд нисгэгчгүй онгоцоор халдсан Украин улсын эсрэг хатуу хариу арга хэмжээ авах хувилбаруудыг бэлтгэхийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр зэвсэгт хүчиндээ тушаажээ.
Дорнод Украины эзлэгдсэн бүс нутагт гарсан гэгдэж буй энэхүү халдлагын улмаас зургаан хүний амь үрэгдэж, хэдэн арван хүн шархдаж, 15 хүн сураггүй алга болсон байна.
Оросын хяналтад байгаа Луганск мужийн Старобильск хотын оюутны дотуур байранд уг халдлага гарсан гарсныг Путин батлаад Киевийн зэвсэгт хүчин юуг онилж байгаагаа мэдэж байсан гэж мэдэгджээ.
Харин Украины тал Путиний буруутгалыг няцааж, тухайн бүс нутаг дахь нисгэгчгүй онгоцны удирдлагын ангид цохилт өгснөө тайлбарласан байна.
“Тухайн газрын ойролцоо ямар ч цэргийн болон тагнуулын албаны байгууламж байгаагүй. Тиймээс манай агаарын довтолгооноос хамгаалах системийн ажиллагааны нөлөөгөөр барилга цохилтод өртсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Цохилт санамсаргүй тохиолдол байгаагүй. Нэг байрлалд гурван ээлжээр нийт 16 дроноор довтолсон” гэж Путин өчигдөр төв телевизээрээ мэдэгджээ.
Луганск бол 2022 оноос хойш Оросын хүчээр эзэлсэн дорнод Украины дөрвөн мужийн нэг юм. Киевийн эрх баригчид уг газар нутгаа буцааж авахыг зорьж байгаа.
Оросын хүний эрхийн үндэсний хорооны тэргүүн Яна Лантратовагийн мэдээлснээр халдлага болсон шөнө Старобильск дэх Луганскийн Багшийн Их сургуулийн дотуур байранд 14-18 насны 86 оюутан унтаж байсан гэнэ.
Москвагаас томилогдсон Луганскийн захирагч Леонид Пасечник нуранги дороос хоёр хүн гаргасан, нийт 18 хүртэл тооны хүн дарагдсан байж болзошгүйг мэдээлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг халдлагыг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцохыг уриалсан байна.
“Энэ бол аймшигтай гэмт хэрэг. Хүүхэд залуучууд байрладаг боловсролын байгууллагад халдлага боллоо” гэж тэр Баасан гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Оросын эрх баригчид энэ халдлагын асуудлаар НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаар болсноо мэдэгдсэн байна.
ОХУ-ын гадаад хэргийн яам Украины цохилт дотуур байрны таван давхар барилгын дээд гурван давхрыг нураасныг баталжээ.
“Бид олон улсын байгууллагууд, үндэсний засгийн газрууд болон дэлхий нийтэд үүнд шударга үнэлгээ өгөхийг, мөн цуст террорист халдлагыг хатуу буруушаахыг уриалж байна” гэж яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Киев хотын орон сууцны барилга Оросын пуужингийн цохилтод өртөх үеэр 24 хүн амиа алдсаны дотор гурван хүүхэд байсан юм. Барилгын нуранги дээр улаан сарнай тавьж, эмгэнэл илэрхийлэхдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хариу арга хэмжээ авахаа амлаж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
