Оросын төмөр зам Москвагийн Рижский өртөөг худалдах зар тараажээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын төмөр замын монополи компани РЖД (Российские Железные Дороги) алдагдлаа бууруулж, өрөө төлөх зорилгоор Москва хотын түүхт өртөө болох Рижский Вокзалыг дөрвөн тэрбум рублиэр ($52.5 сая) худалдах зарыг Avito онлайн захад байршуулжээ.

Ингэснээр хот хоорондын аяллын зорчигч тээврийн үйлчилгээнд олон жил ашиглагдаагүй уг өртөөний цогцолборыг дахин төлөвлөлтөд оруулах боломжийг нээж байгаа юм байна.

Энэхүү наймаа нь Оросын хамгийн том төрийн өмчит компаниудын нэг РЖД-ийн үйл ажиллагааны алдагдал, өр зээлийн хуримтлал улам бүр өсөн нэмэгдэж буйг харуулж байгаа юм.

Засгийн газар тус компанид санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зогсоосон тул өөрийн хөрөнгийг зарж эхлэхэд хүрээд байна.

Рижский Вокзалын цогцолборт 1901 онд баригдсан 3,900 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий гол барилга, 1929 онд баригдсан 3,700 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хоёр давхар, орон сууцны бус зориулалттай барилга, зэргэлдээх 13,500 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай газар багтжээ.

Худалдаж авах саналыг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүлээж авах юм байна.

РЖД компанийн өр 2024 онд гурван их наяд рубль ($39.3 тэрбум) байсан бол 2025 оны сүүлээр 3.8 их наяд рубль хүрсэн юм.

Зардал нэмэгдэж, ачаа тээврийн хэмжээ буурсны улмаас жилийн ашиг нь өнгөрсөн онд 22 дахин буурч, 2.3 тэрбум рубль ($30.1 сая) хүрчээ.

Рижский Вокзалаас гадна РЖД нь Москва хотын бизнесийн дүүрэгт оршдог Москва Тауэрын барилгыг 281 тэрбум рублийн ($3.7 тэрбум) эхлэх үнээр худалдах зар тараагаад байгаа.

Бас өөрийн охин компани Холбооны Ачаа Тээврийн Компани (ФГК) дахь эзэмшил хувиа зарахаар төлөвлөж байна.

Рижский Вокзал 2021 оноос хойш зөвхөн хот доторх тээвэрт үйлчилдэг болсон юм. Хот хоорондын тээврийн олон чиглэлийг нь Белорусский Вокзал руу шилжүүлсэн бол Латвын нийслэл Рига хотын чиглэл нь цар тахлын улмаас 2020 онд зогсож байжээ.

 

Эх сурвалж: ТАСС