Унгарын шинэ ерөнхий сайд Путинийг залгавал утсаа аваад Украины дайнаа зогсоохыг шаардах гэнэ
Унгарын парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа Тиса намын дарга Петер Мадьяр гурван цаг үргэлжилсэн хэвлэлийн хурал зохион байгуулж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Тэрбээр Унгарт 16 жил тогтсон Фидес намын тэргүүн Виктор Орбаны засаглалыг дуусгавар болгосон юм.
Мадьяр сонгуулийн ялалтынхаа дараа Европын 10 удирдагчтай утсаар ярьснаа сэтгүүлчдэд мэдээлжээ. Гэхдээ тэр өмнөх ерөнхий сайдын ойрын холбоотон байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин руу түрүүлж залгах бодолгүй байгаагаа хэлсэн юм.
“Хэрвээ Владимир Путин над руу залгавал би утсаа авна. Ийм зүйл болно гэж би бодохгүй байна. Гэхдээ ингэвэл би түүнээс дөрвөн жил үргэлжилсэн аллагадаа цэг тавьж, дайнаа зогсоохыг шаардах болно” гэж Мадьяр хэлжээ.
Кремлийн хэвлэлийн алба Унгарын сонгуулийн үр дүнг хүндэтгэж, Будапештын шинэ эрх баригчид “прагматик” харилцаагаа хадгална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Орбан нь бас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ойрын холбоотон байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт түүнийг дэмжүүлэхээр дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсийг хоёр өдрийн айлчлалаар Будапешт рүү илгээж байлаа.
Мадьяр бас Дональд Трамп руу залгах бодолгүй байгаагаа хэлээд хэрвээ түрүүлж залгавал “НАТО-ийн хүчирхэг холбоотнууд” байгаад баяртай байдгаа илэрхийлж, ирэх аравдугаар сард болох Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийн эсрэг Унгарын бослогын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урихаа мэдэгджээ.
Өмнө нь Орбаны Фидес намын гишүүн байсан Мадьяр засгийн газрын авлига, танил талын хэлхээ холбоотой тэмцэх зорилгоор олон нийтийн хөдөлгөөнийг эхлүүлж байв.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр түүний Тиса нам парламентад 136 суудал авч, нийт суудлын гуравны хоёрын босгыг давж, үнэмлэхүй олонх болсон нь тодорхой болоод байгаа.
Унгарын сонгогчид өөрчлөлт шинэчлэлтийг зөвхөн хүсээгүй, “дэглэм солихыг хүссэн” гэж тэр мэдэгджээ.
Мадьярын засгийн газар өмнөх ерөнхий сайд Орбаны бодлогыг эрс өөрчлөх төлөвтэй байна.
Европын Холбооноос Украинд үзүүлэх 90 тэрбум еврогийн зээлд Орбаны засгийн газар хориг тавьж байлаа. Үүнийг тэр Украины дайныг сунжруулах үр дагавартай хэмээн тайлбарлаж байв.
Европын Холбооны шийдвэр бүх гишүүн орнуудын санал нэгдсэн тохиолдолд гардаг.
Харин Мадьяр сая сэтгүүлчидтэй уулзахдаа “унгар хүн бүр Украин улс Оросын эзлэн түрэмгийллийн хохирогч болж буйг мэддэг” гэж хэлжээ.
Тэрбээр “Путинтэй ярих миний яриа богинохон байх болов уу. Гэхдээ тэр миний зөвлөгөөг сонсож, дайнаа зогсооно гэж бодохгүй байна” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
