Узбекистаны мөсний хоккейчид Монголын багийг 26:1-ээр ялснаар багийн дээд амжилтаа давтав

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 43 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хонконгт мөсний хоккейн III зэрэглэлийн "Б" хэсгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өчигдөр эхэлсэн юм.

Энэ тэмцээнд Монголын хоккейчид Узбекистан, Люксембург, Умард Солонгос, Хонконг, Филиппиний багтай өрсөлдөнө. Энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай хоккейчид эхний тойрогт Узбекистаны багтай учраа таарсан. 

Харамсалтай нь энэ тоглолтод узбекчүүд 26:1-ээр илүүрхсэн.

Дэлхийд чансаагаар #57-д жагсаж байгаа Узбекистаны баг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-нд Индонезыг 26:1-ээр ялсан нь өрсөлдөгчөө хамгийн хол зөрүүтэй "сөхрүүлсэн" үзүүлэлт болж байв. Тэгвэл уг амжилтаа өчигдөр давтлаа.

Өмнө нь Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-ын бүрэлдэхүүнд байсан узбек саяхан буюу 2020 онд Олон Улсын Мөсний Хоккейн Холбоо (IIHF)-ны гишүүнчлэлийн эрхээ сэргээсэн юм. Улмаар олон улсын албан ёсны тэмцээнд 2023 оноос эхлэн оролцох болжээ. 

Тэд 2025 онд хамгийн доод буюу IV зэрэглэлийн ДАШТ-д түрүүлснээр өдгөө оролцож байгаа III зэрэглэл рүү чансаа ахисан билээ.

Харин манай хоккейчдийн хувьд 2023 онд IV зэрэглэлийн ДАШТ-ээс мөнгө, 2024 онд алтан медаль авснаар чансаа ахисан. Өнгөрсөн жил Мексикт болсон тэмцээнд манай тамирчид хоёр хожиж, гурав ялагдсанаар хэсэгтээ зургаан оноотой IV байр эзэлж байв.

Өнөөдөр манай тамирчид Люксембургийн багтай тоглох бол энэ сарын 16-нд талбайн эзэн Хонконг, маргааш нь буюу энэ сарын 17-нд Умард Солонгос, хэсгийн сүүлийн тоглолтоо 19-нд Филиппиний эсрэг хийх юм.