Колумб улсын эрх баригчид Пабло Эскобарын үлдээсэн усны үхрүүдийг устгах шийдвэр гаргажээ
Даваа гарагт Колумб улсын эрх баригчид тус улсын төв хэсэгт чөлөөтэй тэнүүчлэн амьдардаг олон тооны усны үхрийг устгах төлөвлөгөөг баталжээ.
Хар тамхины картелын босс агсан Пабло Эскобар эдгээрийг хувийн амьтны хүрээлэндээ тэжээхээр анх авчирсан нь одоо ийнхүү зэрлэгшээд байгаа юм.
Тэд хөдөө тосгодын ард иргэдэд аюул учруулж, нутгийн уугуул амьтдын орон зайг эзлэн түрэмгийлэх болсон.
Усны үхрүүдийн тоо толгойг хязгаарлах өмнөх арга хэмжээнүүд өндөр өртөгтэй, үр дүнгүй байсан тул устгах шийдвэр гарч байгааг Колумбын байгаль орчны сайд Ирен Велес тайлбарлажээ.
Тус улсын эрх баригчид өмнө нь усны үхрүүдийн үржлийг зогсоох, гадаадын амьтны хүрээлэнгүүдэд өгөх зэрэг санаачилга гаргаж байсан ч хэтэрхий өндөр зардалтайн улмаас хэрэгжиж чадаагүй юм.
Устгалд 80 орчим усны үхэр хамрагдахаар байгааг Велес мэдээлсэн ч ажил хэзээ эхлэх талаар хугацаа хэлээгүй байна.
“Бид устгахаас нааш тэдний тоо толгойг хянаж чадахгүй. Бид өөрийн экосистемийг хамгаалахын тулд үүнийг хийх ёстой” гэж тэр хэлжээ.
Колумб бол Африк тивийн гадна оршдог зэрлэг усны үхэртэй цорын ганц улс юм.
Тэдгээрийг 1980-аад оны үед Эскобар өөрийн Асиенда Наполес эдлэнд амьтны хүрээлэн байгуулах зорилгоор Африкаас авчирч байжээ.
2022 оны байдлаар Колумб даяар 170 орчим усны үхэр зэрлэг байгальд амьдарч байгааг Колумбын Үндэсний Их сургууль тоолж байв.
Орон нутгийн ард иргэд, унаган байгальд аюул учруулахын зэрэгцээ эдгээр амьтад аялал жуулчлалын үзмэр болоод байгаа.
Эскобарын эдлэн байсан газрын ойр орчимд усны үхэр үзүүлэх аяллыг зарим компаниуд зохион байгуулдаг болсон.
Колумбын засгийн газар Эскобарын эдлэнг нийгэмчилж, одоо усан парк болгон ашиглаж байгаа.
Колумбын амьтны эрхийг хамгаалагчид усны үхрүүдийг устгах засгийн газрын хувилбар төлөвлөгөөг эртнээс эсэргүүцэж байжээ.
Бухын тулааныг хориглох хуулийн төсөл боловсруулахад оролцож байсан хөдөлгөөний идэвхтэн Андреа Падияа усны үхрүүдийг устгах засгийн газрын төлөвлөгөөг “харгислал” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
“Аллага, хядлагыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэд бол засгийн газрын хайхрамжгүй байдлын хохирогч болсон эрүүл амьтад юм” гэж тэр сошиал хуудсаараа шүүмжилжээ.
Сүүлийн 12 жилийн хугацаанд Колумбын гурван ерөнхийлөгчийн үед эрх баригчид усны үхрийн үржлийг зогсоох гэж оролдож байв. Гэхдээ энэ аюултай аварга том амьтныг барих, мэс заслын аргаар засах зэрэг ажил хэтэрхий өндөр зардалтай байснаас хангалттай хүрээнд хэрэгжиж чаддаггүй байжээ.
Колумбын усны үхрийн генийн сан хязгаарлагдмал хүрээнд бүрэлдсэн тул элдэв халдварт өвчин тээх чадвар өндөртэй болсон гэж үздэг. Тиймээс тэдгээрийг Африк тивд буцаах боломжгүй юм байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
