Mongolia бус "Mongol" хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зохимжтой гэж эрдэмтэд үзжээ

П.Сайнжаргал, IKON.MN
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлтийг Чингис хаан үндэсний музейд өнөөдөр зохион байгууллаа. 

Эрдэмтэн, судлаачдын баг баримтуудад үндэслэн Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Тэд 1700 оноос хойш олон улсад хэвлэгдсэн есөн газрын зураг, өмнө нь олны хүртээл болоогүй архивын баримтыг судалсны үндсэнд дээрх дүгнэлтэд хүрсэн байна.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Ч.Лодойравсал "Дэлхийн улс орнууд монголчуудыг хэрхэн хардаг, тэдний харах өнцөг нь хэрхэн өөрчлөгдөж байсныг судлах ёстой. Үүний зэрэгцээ монголчуудыг дуудах зөв нэршил юу байх ёстойг ч нарийн судлах нь зүйтэй. 

Энэ төрлийн судалгааг манай 20 гаруй эрдэмтэн судлаачид хийж гүйцэтгэжээ. Ингэхдээ өрнө, дорнын олон хэлний эх сурвалжийг баримтлан, газрын зураг, архивын материал дээр үндэслэж судалгаагаа хийсэн байна. Улмаар өнөөдрийн “Монгол хэмээх нэрийн судалгаа” хэмээх ном бэлэн болжээ" хэмээв. 

Монгол Улсын Ардын багш С.Дулам "Түүхч, хэл шинжээч болон эрдэм шинжилгээний гол байгууллагуудын төлөөлөл болсон 22 зохиогчийн хамтарсан бүтээл. 

"Монгол хэмээх нэрийн судалгаа” ном хоёр бүлэгтэй, гурван редактор ажилласан.

Судлаачид маань 13 дугаар зуунаас эхлээд 18 дугаар зууныг хүртэлх монгол бичиг дээрх олон эх сурвалжийг судалсан. Мөн

  • төвд, манж, хятад, солонгос зэрэг дорно дахины хэл,
  • орос, англи, герман, франц, итали, испани, чех, турк зэрэг өрнө дахины хэлний дурсгал, архивын баримт бичгийг судалжээ.

22 зохиогч байгаагийн гол учир бол миний сая тоочсон олон хэлний хамгийн шилдэг мэргэжилтнүүд оролцсонд байгаа юм. 

Хамгийн сонирхолтой нь Mongol гэж тэмдэглэсэн Европын анхны Абрахам Ортелийн 1570-аад оны газрын зургаас эхлээд 1794 оны Арон Арроусмитийн Mongolia гэж анх тэмдэглэсэн Азийн газрын зураг, 1892 оны Пьер М.Лапьегийн Азийн газрын зурагт Монгол Улсыг хэрхэн тэмдэглэсэн талаар харьцуулсан нь анхаарал татаж байсан" гэлээ. 

"Монгол хэмээх нэрийн судалгаа" номын дүгнэлтэд дурдсанаар: 

... Монгол хийгээд дорно, өрнийн олон хэлээрх эртний эх сурвалжууд, газрын зураг дахь "Монгол" хэмээх нэрийн бүтэц, хэлбэрүүдийг харьцуулан үзвэл "Монгол" (Mongol) гэсэн хэлбэл давамгайлж байна. 

Өрнө дахины хэлнээ XIII  зууны латин тэмдэглэлээс буюу mongol, mongolorum (монголчууд) гэсэн хэлбэрээр бичигдэж ирсэн бол "Mongolia" буюу латин хэлний "-ia" буюу "... -ын газар" гэсэн утга бүхий бүтээвэр хэлбэр нь XVII-XVIII зуунаас хэвшиж тогтсон байна. 

...Цаашид Монгол Улс, Монгол Улсын иргэнийг илэрхийлэхдээ уугуул нэрэнд нь нийцүүлж "Mongol" гэж бичиж хэвшүүлэх нь зохистой байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав