Хүүхдийн ордны дэргэд ₮23.5 тэрбумаар зургаан давхар спорт цогцолбор барихаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөнд байршилтай Монголын хүүхдийн ордны гурван давхар барилгын дэргэд зургаан давхар спорт цогцолбор барихаар болжээ.

Монголын Хүүхдийн Ордны захирал Б.Цэнгэлмаагийн мэдээлснээр 40,000 хүүхдийн багтаамжтай самбо, таеквондо, теннис, усанд сэлэлт, үндэсний бөх, жүдо, сагсан бөмбөг, бадминтон, гар бөмбөг, шатар, уран гимнастик, байт харваа, хаданд авиралт, хөнгөн атлетик, Т-бall, зэрэг спортын 16 төрлийн дугуйлан хичээллүүлэх спортын ордныг барихаар болжээ. Жил бүр 7,200 гаруй хүүхдийг эдгээр дугуйланд хамруулна гэж тооцоолсон байна.

Гурван жилд нэг удаа зохион байгуулдаг "Хүүхдийн хөгжлийн орчин үеийн асуудлууд" олон улсын эрдэм шинжилгээний хурлаас Монгол Улсын хүүхдийн биеийн тамир, бие бялдрын хөгжил дэлхийн дунджаас доогуур байгаа үзүүлэлт гарсан учраас спорт цогцолборыг барих шийдэлд хүрчээ.

Зургаан давхар спорт цогцолборыг барих нийт төсөв ₮23.5 тэрбум бөгөөд тендерийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нээсэн бол үнэлгээг энэ долоо хоногийн Баасан гарагт хийж, гэрээ байгуулахаар товложээ. Тендерт зургаан компани оролцсоноос хамгийн бага нь ₮19 тэрбум, их нь ₮21 тэрбумаар барих санал ирүүлсэн байна.

Харин 42 жил үйл ажиллагаа явуулж байгаа Хүүхдийн ордны барилгын гадна болон доторх засварыг хийхэд 2.4 тэрбум төгрөг шаардагдах тооцоолол гарч буйг тэрбээр танилцууллаа.