Барс захын хойно байгаа газрыг "Восточный альянс" компаниас авч, ногоон байгууламж болгоно гэж мэдээллээ
Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” захын хойно байрлах "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 2,612 ам метр талбайг “Восточный альянс” ХХК-д эзэмшүүлжээ. Уг газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулах аж.
“Барс” захын ар талын уг газрыг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар 2000 оны үед ААН-д захирамжилсан байна. Гэвч оршин суугчид тус ААН-ийг үйлчилгээтэй орон сууц барихыг нь дэмжээгүй, эсэргүүцэж, ногоон байгууламж байгуулах хүсэлт гаргажээ.
ААН-ийн зүгээс энэ газрыг олон жилийн хугацаанд эзэмшиж, газрын төлбөр төлж явсан учир дүйцэх газраар солих саналаа илэрхийлсэн бол нийслэлээс тус ААН-ийг цэвэр, бохир, дулаанаар хангах нөхцөлтэйгөөр, одоо байгаа хэмжээнээс газрын хэмжээг нэмэгдүүлэн “Сэлбэ 20 минутын хот” төслийн байршилд, нэгдүгээр эгнээнд худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай, төлөвлөлтөд нийцсэн үйлчилгээтэй орон сууц барих газраар солих санал тавьсан байна.
Харин чөлөөлсөн газар дээрээ 2026 ондоо багтаж тохижилт, ногоон байгууламж хийх бөгөөд ямар нэгэн газар олгохгүй, автомашины зогсоол барихгүй, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулахаар төлөвлөсөн болохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

