Японы ерөнхий сайд гэр бүлээс гадуурх дотно харилцаа нь илэрсэн боловсролын сайдаа огцруулахаас татгалзжээ
Япон улсын боловсролын сайд Йохей Мацүмото гэр бүлтэй эмэгтэйтэй нууц амрагийн холбоотой байсан тухай мэдээ саяхан долоо хоног тутмын Шукан Буншун онлайн сэтгүүлд нийтлэгдсэн юм.
Тэгвэл тус улсын ерөнхий сайд Санае Такаичи өчигдөр парламентын доод танхимын төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо ийм шалтгаанаар боловсролын сайдаа огцруулах бодолгүй байгаагаа мэдэгджээ.
“Би түүнийг гэмээ ажлаар цайруулаасай гэж хүсэж байна. Тэр үүргээ бүрэн биелүүлж чадна гэдэгт итгэж байна” гэж Такаичи хэлсэн юм.
Хэрвээ 52 настай Мацүмото огцорсон бол аравдугаар сард үүрэгт ажилдаа орсон Такаичигийн танхимаас огцорсон анхны сайд болох байлаа.
Тэр өөрөө бас огцрох бодолгүй байгаагаа өмнө нь мэдэгдэхдээ олон нийтээс уучлалт гуйж, гэмшиж байгаагаа илэрхийлсэн юм.
“Энэ бол болоод өнгөрсөн хэрэг. Би эхнэрээсээ зэмлэл хүртэж, уучлал гуйсан. Асуудал гэр бүлийн хүрээнд аль хэдийнээ шийдэгдсэн” гэж Мацүмото өчигдрийн хурлын үеэр хэлжээ.
Токио хотын тойргоос долоо дахь удаагаа парламентын гишүүн болсон Мацүмото анх 2005 онд сонгогдож байсан юм.
Банкираас улс төрч болсон тэрбээр өмнө эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн ахлах дэд сайдаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
