Увс аймгийн Тэс суманд боом өвчин хүнд халдварласан тохиолдол бүртгэгдэв
Увс аймгийн Тэс суманд боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-өөс мэдээллээ.
Тандалт, судалгаагаар тухайн тохиолдол нь 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үхсэн хоньтой харьцах үедээ халдвар авсан байх магадлалтай байгаа аж.
Улмаар 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Зооноз өвчин судлалын төвд хийсэн молекул биологийн (PCR) шинжилгээгээр боом өвчний халдвар батлагджээ.
Өвчлөл бүртгэгдсэн голомтын бүсэд Увс аймгийн Зооноз өвчин судлалын төв болон Мал эмнэлгийн байгууллагын хамтарсан баг ажиллаж, тандалт судалгаа хийх, халдварын тархалтыг хязгаарлах, голомтын хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.
ЗӨСҮТ-өөс мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай үеийн бэлэн байдлыг хангах, эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
