Санал асуулгад оролцогчдын 85.4 хувь нь наадмаар 10 хоног амрахыг дэмжлээ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар жил бүрийн долоодугаар сарын 10-15-ны хороонд зургаан өдөр бүх нийтээрээ амардаг.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа. Харин долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийг дараагийн долоо хоногт нь шилжүүлбэл долоодугаар сарын 10-19-ний хороонд бүх нийтээрээ амрах боломжтой болно.
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын хоногт шилжүүлэхийг дэмжих эсэх санал асуулгыг манай сайт явуулсан юм. Таван өдрийн турш санал асуулгыг нээлттэй явуулахад хамгийн сүүлийн байдлаар 2,659 хүн оролцсоны 85.4 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Бүх нийтээр амрах баярын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлэн амрах агуулгатай хуулийн төслийг УИХ-ын гишүүд өргөн барьж, иргэдэд хүлээлт үүсгэсэн. Гэвч уг хуулийн төслийг буцаан татсанаар бүх нийтийн амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал нөхөж амардаг болох асуудал шийдэгдээгүй үлдсэн. Нэгэнт хуулиар зохицуулж чадаагүй энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдэх боломжтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
