Олон улсын спортын байгууллагын дээд удирдлагын хурал Монголд анх удаа болно
Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ, FISU)-ны 2026 оны эхний хагас жилийн Гүйцэтгэх хорооны ээлжит хурал Улаанбаатар хотноо энэ сарын 26, 27-нд зохион байгуулагдахаар болжээ. Таван тивийн 167 орныг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллага нь Олон улсын олимпын хорооны дараа орох дэлхийн спортын хоёр дахь том байгууллага юм. Өмнө нь олон улсын спортын байгууллагын эрх барих дээд байгууллагын хурал Монгол Улсад болж байгаагүй гэдгээрээ энэ удаагийн хурал ач холбогдолтой юм.
Хуралд нийтдээ 70 орчим төлөөлөгч оролцох бөгөөд ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны 28 гишүүнээс гадна Швейцарь улсын Лозаннь дахь тус байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрын удирдах албан тушаалтнууд ирэх аж. Мөн Дэлхийн оюутны спортын 2027 оны өвлийн наадмын зохион байгуулагчид БНХАУ-ын Чанчунь хотоос, зуны Универсиад 2027 оны наадмын зохион байгуулах хорооны удирдлагууд БНСУ-ын Чунчеонг хотоос, түүнчлэн зуны Универсиад 2029 оны наадмын төлөөлөгчид АНУ-ын Хойд Каролина мужаас ирж оролцох юм байна.
Энэ удаагийн хурлаар дэлхийн оюутны спортод тулгамдаж байгаа асуудал, байгууллагын стратеги төлөвлөгөө, төсөв, олон улсын оюутны арга хэмжээний зохицуулалт, хуваарь, дараагийн Ерөнхий Ассамблейн хурлын тов, цаашдын зорилтын талаар хэлэлцэх юм. Мөн 2027, 2029, 2031 онд явагдах Дэлхийн оюутны спортын өвөл, зуны наадмыг хүлээн авч зохион байгуулах орны Засгийн газар, оюутны спортын холбоодын ажлын тайлан, хийх ажлын төлөвлөгөөтэй танилцан, нэр дэвшигч нарыг сонгох ажээ.
ОУОСХ нь Дэлхийн оюутны спортын өвөл, зуны наадмыг 1959 оноос эхлэн хоёр жил тутамд, дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг спортын 30 орчим төрлөөр хоёр жилд нэг удаа зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээнд жил бүр 15,000 оюутан залуус, албаны төлөөлөгч нар дэлхийн 100 гаруй орныг төлөөлөн оролцдог юм.
Монгол Улсын хувьд дэлхийн оюутны спортын зуны наадамд 1965 оноос эхлэн оролцсон бөгөөд ОУОСХ-ны гишүүнээр 1977 онд Болгарын Софи хотноо элссэн түүхтэй. Харин Монголын оюутны спортын холбоо нь 1989 онд байгуулагдаж, ОУОСХ-нд эх орноо төлөөлөн ажиллах болсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
