Тайландын сургуулийн байранд өсвөр насны хүүхэд гал нээсний улмаас долоон хүн алагдаж, 30 гаруй хүн шархдав
Баасан гарагийн үдээс өмнө Тайландын нийслэл Бангкок хотын захад оршдог сургуулийн байранд өсвөр насны хүүхэд гал нээсний улмаас нийт долоон хүн алагдаж, 30 гаруй хүн шархаджээ.
14 настай хүү эхлээд өөрийн өвөө, эмээ нарыг гэрт нь буудаж алаад дараа нь сургууль дээрээ ирж, таван багшийн амийг хөнөөсөн байна.
Сургуулийн байранд халдах үеэр нийтдээ 30 гаруй хүн шархаджээ. Тэдгээрээс 15 хүн эмнэлэгт хүргэгдсэний есийнх нь биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээлсэн байна.
Эцэст нь хүү өөрийгөө буудан амиа хорложээ. Энэ үед түүний биед нэмэлт 34 сум байсан байна. Хүү өвөөгийнхөө нэр дээр бүртгэлтэй байдаг 9 мм-ийн гар бууг аллагад ашигласныг тогтоосон гэнэ.
Тайландын ерөнхий сайд Анутин Чарнвиракул хийсэн мэдэгдэлдээ хүү “хичээл сурлагын дарамт стресстэй байсан” гэх ойр дотнын найзуудаас нь цагдаа нарын авсан мэдээллийг дурджээ.
Аллага “сайн бэлтгэгдсэн, тодорхой төлөвлөгөө, зорилготой байсан” гэж тэр хэлсэн байна.
Аллага гарсан сургууль нь Бангкок хотын дагуул хот Нонтхабури дахь Дебсирин сургуулийн салбар байжээ. Дебсирин нь зуу орчим жилийн түүхтэй, олон салбар бүхий боловсролын байгууллага юм.
Сургуулийн захиргаа өнөөдөр болон маргаашийн бүх үйл ажиллагааг цуцалж, “онц байдал” тогтоосныг сошиал хуудсаараа зарлажээ.
Тайландын үндэсний цагдаагийн газрын дарга, генерал Киттиратт Панпет алуурчин маш оновчтой буудаж, сум хэд хэдэн хохирогчийн амин газарт туссан байсныг шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд тогтоосон талаар мэдээлсэн байна.
Тайланд бол иргэдийн галт зэвсгийн эзэмшил хамгийн өндөр хувьтай дэлхийн улс орнуудын нэг юм. Тус улсын гэмт хэрэгт холбогдож байсан түүхгүй 20-оос дээш насны иргэд галт зэвсэг эзэмших хууль ёсны эрхтэй байдаг.
Гэвч сүүлийн жилүүдэд олон хүний амь насанд халдсан гэмт хэрэг гарах болсон тул энэ оны хоёрдугаар сараас эхлэн хяналтыг чангатгах, нэгэнт олгогдсон зөвшөөрлийг цуцлах зэрэг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
