Бэрс Финанс ББСБ анхны гадаад хөрөнгө оруулалтаа “Global Gender-Smart Fund”-аас татлаа
Бэрс Финанс ББСБ анхны гадаад хөрөнгө оруулалтаа Triple Jump-ийн хамтран удирддаг Global Gender-Smart Fund-аас 2 сая ам.доллартой дүйцэх санхүүжилтээр татлаа. Тус байгууллага Triple Jump -ийн сонгон шалгаруулалт, нарийвчилсан үнэлгээний өндөр шалгуурыг амжилттай хангасан юм.
Global Gender-Smart Fund нь хөгжиж буй зах зээл дэх эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эзэмшдэг, удирддаг бичил, жижиг, дунд бизнесүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой олон улсын жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын сан юм. Тус сангийн хөрөнгө оруулалт нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, бизнесийн манлайлал, байгууллагуудын жендэрийн бодлого, хариуцлагатай санхүүгийн тогтолцоог дэмжихэд чиглэдэг.
Хөрөнгө оруулалтыг татахын өмнө Бэрс Финанс ББСБ санхүүгийн тогтвортой байдал, эрсдэлийн удирдлага, ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглал, Responsible Finance буюу хариуцлагатай санхүүжилт, AML/CFT, KYC тогтолцоо болон 2X Criteria-ийн шаардлагын нийцлийн үнэлгээнд хамрагдсан.
Мөн ALINUS Social Performance Assessment, Principal Adverse Impact буюу PAI мэдээллийн үнэлгээ, SFDR тайлагналд шаардлагатай ESG мэдээллийн шалгуурыг хангасан нь тус байгууллагын засаглал, эрсдэлийн соёл, хариуцлагатай үйл ажиллагааг олон улсын түвшинд үнэлүүлсэн хэрэг юм.
Санхүүжилтийн 80-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эзэмшдэг, удирддаг бизнесүүдэд чиглэнэ. Ингэснээр бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх хэрэгцээтэй эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүгийн шийдэл илүү хүртээмжтэй болно.
“Бид олон улсын хөрөнгө оруулалтын өндөр шалгуурыг хангаж, 2 сая ам.долларын эх үүсвэр татсан нь Бэрс Финансын хариуцлагатай санхүүжилт, ESG, эрсдэлийн удирдлага, жендэрийн тэгш оролцоонд суурилсан чиглэлийг баталгаажууллаа. Энэхүү санхүүжилтийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд бодит боломж, хүртээмжтэй шийдэл болгон хүргэхээр ажиллана” хэмээн Бэрс Финанс ББСБ-ын Гүйцэтгэх захирал онцоллоо.
Triple Jump нь 2006 онд Нидерландад байгуулагдсан нийгмийн эерэг үр нөлөөнд чиглэсэн хөрөнгө оруулалтын менежментийн олон улсын байгууллага бөгөөд санхүүгийн хүртээмж, жижиг дунд бизнес, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн чиглэлээр хөгжиж буй зах зээлүүдэд хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлдэг.
Бэрс Финанс ББСБ цаашид дижитал санхүүгийн үйлчилгээгээ өргөжүүлж, харилцагчдад хурдан, хүртээмжтэй, хариуцлагатай зээлийн бүтээгдэхүүн хүргэхийн зэрэгцээ олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
