Орос улс дотоодын шатахууны хэрэгцээгээ хангахын тулд чанарын стандартаа түр хугацаанд бууруулах шийдвэр гаргажээ
Орос улсын засгийн газар дотоодын хэрэгцээгээ хангахын тулд арав орчим жилийн өмнө тогтоосон бензин шатахууны чанарын стандартаа түр хугацаанд бууруулах шийдвэр гаргажээ.
Пүрэв гарагт ерөнхий сайд Михаил Мишустиний гарын үсэг зурсан захирамжид Евро-2, Евро-3, Евро-4 стандартын бензинийг 2027 оны долдугаар сарын нэгнийг хүртэл үйлдвэрлэх, борлуулах, импортлохыг зөвшөөрсөн байна.
Тус улс 2013 оноос Евро-2 стандартын шатахууныг агаарыг бохирдуулдаг үндэслэлээр хориглож, 2016 оноос эхлэн Евро-5 стандартад бүрэн шилжиж байжээ.
Евро-2 бензин нь Евро-5 бензинээс 50 дахин их хүхэр ялгаруулдаг.
Хүхрийн өндөр агууламж нь бас автомашины хөдөлгүүрийн эд анги, яндангийн системийг муутгадаг байна.
ОХУ-ын эрчим хүчний яам гаргасан шийдвэрээ “шатахууны чанарын стандарт болон зах зээлийн эрэлтийг тэнцвэржүүлсэн хямралын үеийн арга хэмжээ” гэж тайлбарлажээ.
Захирамжид бас шатахуун түгээх станцуудад борлуулж буй бензинийхээ стандартыг худалдан авагчдад тодорхой харуулж, сонголт хийх боломж олгох шаардлага тавьсан байна.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

