Екатеринбург хот дахь Wildberries компанийн агуулах Украины дроны цохилтын улмаас шатжээ
Оросын хамгийн том онлайн худалдааны платформ Wildberries компанийн Екатеринбург хот дахь ложистикийн төв Баасан гарагийн өглөө Украины дроны цохилтын улмаас шатжээ.
Екатеринбург хот нь Уралын бүс нутагт, Украины хилээс 2,000 км орчим зайд оршдог юм.
Свердловск мужийн захирагч Денис Паслер тус бүс нутагт довтолсон найман дроныг агаарын зэвсэгт хүчнийхэн устгахад гурав нь ложистикийн төвийн дээвэр дээр унасны улмаас гал гарсныг мэдээлжээ.
Wildberries компани эзэмшлийн байгууламжид нь гал гарсныг бүрэн унтраасан, хадгалагдаж байсан бараа бүтээгдэхүүний ихэнх хэсэг гэмтээгүйг мэдээлсэн байна.
Уралын холбооны дүүрэгт томилогдсон ерөнхийлөгч Путиний тусгай элч Артём Жога нийт 800 хүнийг нүүлгэн шилжүүлсэн, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүйг баталжээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам Пүрэв гарагийн оройгоос Баасан гарагийн өглөө хүртэл Орос даяар болон эзлэгдсэн Крымийн хойгт нийт 230 дроныг устгаснаа мэдээлсэн байна.
Ройтерс агентлагийн хиймэл дагуулын зураг дээр хийсэн шинжилгээнээс үзвэл долдугаар сарын дундаас хойш эхэлсэн Украины ажиллагааны турш Wildberries компанийн нийт багтаамжийн 20 гаруй хувьтай тэнцэх 1.18 сая хавтгай дөрвөлжин метр талбайтай байгууламж сүйрсэн буюу гэмтжээ.
Украины эрх баригчид тус компанийг Оросын армийн хангамжийн тоног хэрэгсэл, дроны эд ангиудыг бэлтгэн нийлүүлдэг хэмээн буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
