Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийг барих газарт 600 нэгж талбар өртсөнөөс 146-г чөлөөлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны 10 га талбай дээр хоногт 1,500 тонн, жилд 1.5 сая тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тус  үйлдвэрийг Морингийн давааны хогийн цэгийг түшиглэн барихаар Техник Эдийн Засгийн Үндэслэлийг(ТЭЗҮ) боловсруулан баталсан байна. Төслийн хүрээнд 600 нэгж талбар өртөж байгаа бөгөөд 146 нэгж талбарыг чөлөөлж, үлдсэн нэгж талбарын хариуцагч нартай зөвшилцөх ажил үргэлжилж байгааг Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас мэдээллээ.

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр нь орчин үеийн өндөр температурын шаталтын технологи болон утаа цэвэрлэх олон шатлалт системийг ашигласнаар агаарын бохирдлыг олон улсын стандартад нийцүүлэн хянах боломжтой. Ингэснээр хогийн хэмжээг 80-90 хувиар, эзлэхүүнийг 90 гаруй хувиар бууруулж, үлдэх үнсийг тусгай зориулалтын байгууламжид аюулгүй хадгалах эсвэл барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах боломж бүрддэг аж.

Урьдчилсан тооцоогоор үйлдвэр ашиглалтад орсноор 34 МВт суурилагдсан хүчин чадалтай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн хотын эрчим хүчний системд нийлүүлэх боломж бүрдэх бөгөөд дулаан үйлдвэрлэлийн хувьд гэр хорооллын 2,333 орчим айл өрхийн халаалтыг орлох хүчин чадалтай гэж тооцоолжээ.

Нийслэл хотод жилд ойролцоогоор 1.5 сая тонн хог хаягдал үүсдэгээс 25 орчим хувийг дахин боловсруулдаг байна. Үлдсэн 75 орчим хувь нь ихэвчлэн Морингийн даваа, Цагаан даваа зэрэг төвлөрсөн хогийн цэгүүдэд булшлагдах эсвэл ил задгай хаягддаг. Ийм байдлаар хогийг булшлах нь газрын хөрс, газрын доорх ус бохирдох, эвгүй үнэр тархах, метан зэрэг хүлэмжийн хий их хэмжээгээр ялгарах, өөрөө шаталт үүсэж агаарын бохирдол нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж хогийн цэгүүдийн талбай жилээс жилд тэлж, шинэ газар ашиглах шаардлага үүсдэг нь хот төлөвлөлтөд ч хүндрэл учруулдаг байна.

Үйлдвэрийг барих төслийн нийт хөрөнгө оруулалт 206.5 сая ам.доллар байх тооцоолол гарчээ.