Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны 10 га талбай дээр хоногт 1,500 тонн, жилд 1.5 сая тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх "Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр" төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК шалгарч, түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас хотын дарга Х.Нямбаатарт олгож байв.
Харин хувийн хэвшлийн түншлэгч нь гэрээг цуцлах санал ирүүлжээ. Иймээс Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийг барих хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг дахин нээлттэй зарлахаар болсон байна.
Энэ тухай нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр" төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох хэлэлцээний явцад Захиргааны хэргийн шүүхэд өөр талаас маргаан үүсгэсэн нь өмнөх түншлэлийн гэрээг байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Тухайлбал үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд хүндрэл, саад учруулах, төслийн хэрэгжилтийг төлөвлөгөөний дагуу тогтвортой явуулах боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал үүссэн.
Иймээс түншлэлийн гэрээ байгуулсан хувийн хэвшлийн түншлэгч нь гэрээнээс гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэрээг цуцлах санал ирүүлсэн. Уг саналыг хүлээн авч, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр түншлэлийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох журмын дагуу тус төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг дахин нээлттэй зарлахаар бэлтгэж байна" хэмээн мэдээллээ.
Уг үйлдвэрийг барих төсөлд АНУ-ын “Нааново Грин Энержи Монголиа”, "Eco UB" компани, Шанхайн "SUS environment" компани, БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК гэсэн дөрвөн компани саналаа ирүүлж байжээ.
Үйлдвэрийг барихад 199 сая ам.доллар шаардлагатай бөгөөд гурван жилийн хугацаанд барих аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!