Морингийн даваанд хог шатааж, 35 МВт эрчим хүч гаргах үйлдвэрийг барих тендерт Монгол, АНУ, Сычуан, Шанхайн компани оролцсон тухай мэдээлж байсан.
Харин бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх талаар нийслэлийн нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Морингийн давааны барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн хажууд 10 га газарт хог шатааж, эрчим хүч боловсруулах үйлдвэрийг барихаар төлөвлөсөн.
Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Төслийн сонгон шалгаруулалтад өнөөдрийн байдлаар дөрвөн компани шалгарсан бөгөөд наймдугаар сар гэхэд гүйцэтгэгчийг тодруулна. Шалгарсан хувийн компани нь өөрсдөө зардлаа гаргаж, үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулах юм” гэв.
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр нь өдөрт 1,200-1,500 тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ.
Төслийг хэрэгжүүлэхэд $199 сая шаардлагатай бөгөөд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар Улаанчулуут, Морингийн даваа, Цагаа давааны хогийн цэгүүдэд дарж булшлах аргыг хэрэглэдэг бол жилд дунджаар 1.2 тонн буюу нэг иргэн өдөрт 0.8-1 кг хог гаргадаг гэсэн тооцоо бий. Үүний 75 хувийг шатаах боломжтой гэсэн судалгаа гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!