Уншиж байна ...

Морингийн даваанд Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийг БНХАУ-ын компани барихаар шалгарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг даргад олгов. Ингэснээр үйлдвэр барих төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-тай гэрээ байгуулахаар болжээ.

“Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” компани нь өөрсдийн зардлаар үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах BOT/барих-ашиглах-шилжүүлэх/ нөхцөлтэй байна. Үйлдвэрийг барихад 199 сая ам.доллар шаардлагатай бөгөөд хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөжээ. 

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Морингийн даваанд 10 га талбайд барих Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр хоногт 1,500 тонн, жилд 1.5 сая тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ.

Уг үйлдвэрийг барих төсөлд АНУ-ын “Нааново Грин Энержи Монголиа”, "Eco UB" компани, Шанхайн "SUS environment" компани, БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК гэсэн дөрвөн компани саналаа ирүүлж байсан юм.