Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 километр урт авто замын ажил 70 гаруй хувьд хүрчээ.
Тус ажлын явцын талаар НЗХГ-ын авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван “Уг замыг барих ажил тавдугаар сард эхэлсэн. Зорчих хэсгийн хоёр эгнээтэй, долоон метр өргөн асфальт бетон хучилттай зам тавьж байна. Хоёр талаараа явган хүний зам, нэг талдаа гэрэлтүүлэгтэй байх юм.
Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр рүү тавьж байгаа болохоор хүнд даацын машин явахад зориулж суурийг цементээр бэхжүүлсэн. Үүний араас асфальт бетон хучилт тавина” гэв.
Авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК шалгарсан бөгөөд аравдугаар сарын сүүлээр замын ажлыг бүрэн дуусгаж, зорчих хөдөлгөөнийг нээхээр болжээ.
"Уг зам ашиглалтад орсноор Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр болон Морингийн давааны хогийн цэг рүү ачааны машинууд хатуу хучилттай замаар зорчдог болж, ирэх оноос Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг зогсооно. Ингэснээр Морингийн давааны болон Цагаан давааны хогийн цэгт Улаанбаатар хотын нийт хог хаягдал төвлөрөх юм" гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Харин Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт дахин боловсруулсан хайрга дайргыг жил бүр хийдэг авто замын урсгал засварт ашиглах шийдэлд хүрсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!