Нийслэлийн Засаг даргын тамгын газар дэргэдээ "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай болсон байна.
Уг үйлдвэр нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд байрладаг бөгөөд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой аж.
Түүнчлэн "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" ОНӨААТҮГ нь газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураахаар болж, өнөөдөр ажлаа эхлүүлсэн юм.
Энэ үеэр "Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ"-ын дарга Ц.Болд шинээр байгуулагдсан үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай компани өмнө нь Урт цагаан, S Outlet, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд нэг иргэний таван давхар барилгыг буулгаж байсан. Европын сэргээн босголтын банкны төслөөр хэрэгжсэн 13.6 сая ам.долларын 27 ширхэг машин, техник манай компанид байгаа.
Барилга буулгах, зөөх гэх мэт мэргэжлийн бүх машин техниктэй газрыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар (ЗДТГ)-ын дэргэд байгуулсан. Үйл ажиллагаа явуулж эхлээд нэг жил болж байна" гэв.
Тус үйлдвэр нь хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэлтэй аж.
Морингийн давааны хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг НЗДТГ-ын захиалгаар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилт болон Европын холбооны буцалтгүй тусламжаар барьж байгуулсан юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!