Бизнесийн байгууллагууд гэр бүл, хүүхдэд ээлтэй ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгойн нүүрсний бүлэг ордын 4% болох “Ухаа худаг” уурхайд олборлолт явуулдаг Энержи ресурс компани 2011 оноос хойш “ажиллагсдаа орон нутагт суурьшуулах” бодлого хэрэгжүүлж байна.
Энэ бодлого нь хүүхэд, гэр бүлд ээлтэй бодлого болсныг ажилтнууд нь хэлж байгаа юм.
Тус компанид найм дахь жилдээ ажиллаж буй “Ухаа худаг” уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрийн ашиглалтын мастер Ч.Дамдиндорж “Анх 14, 14 ээлжээр ажилладаг байхад хүүхдээ их санадаг байсан. Сүүлд гэр бүлийнхэн маань нүүж ирээд, орой ажлаа тараад ороход эхнэр, хүүхдүүд угтаж авах сайхан байдаг.
Эхнэр маань сумандаа шүдний эмчээр ажилладаг. Манайх найм, таван насны хоёр хүүтэй. Том хүү маань манай компанийн барьсан “Мөрөөдөл” сургуульд сурдаг. Сургуулийн хажууд том хөлбөмбөгийн талбайтай, хүүхэд тоглох аюулгүй орчинтой, найзуудтайгаа тоглоод, хичээлээс бусад дугуйландаа хамрагддаг” гэж байлаа.
Ажиллагсдаа шилжин суурьшуулах бодлогын хүрээнд 2011 оноос эхлэн Цогтцэцийд 800 айлын орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, дотуур байр бүхий "Мөрөөдөл" цогцолбор, сумыг 24 цагаар хангах цахилгаан станц, ус хангамжийн нэгдсэн байгууламж зэргийг байгуулжээ.
Түүнчлэн тус компаниас хүүхдэд ээлтэй дараах ажлуудыг хийсэн байна. Үүнд:
- Говийн бүсийн эмнэлгүүдийг нярайн тоног төхөөрөмжөөр хангах төсөл
- Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд чиглэсэн төсөл
- Цогтцэций сумын хүүхдүүдийг ЭХЭМҮТ-ийн үзлэгт хамруулах төсөл тогтмол
- Ид шидийн орон II хүүхэд хамгааллын төсөл
- Ээжүүдийг дэмжсэн ажлын нэг өдөр зайнаас ажиллах бодлого
- Цогтцэций сумандаа “Зузаахай” цэцэрлэгийн барилга барьж байгуулсан гээд хүүхдэд ээлтэй олон төсөл, бодлого хэрэгжүүлдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

