Ногоон бүсэд нийтийн эзэмшлийн орц, гарцыг нээх ажил үргэлжилж байгааг мэдээлэв
Нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, ногоон бүсэд нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байгааг албаныхан мэдээлэв.
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул: Ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм.
Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна.
Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн.
Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил: Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна.
Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна.
Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавьж байгаа.
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох: Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна.
Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна.
Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг.
Ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих орц, гарцыг хашаалсан тохиолдлууд олон байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
